“АМЬД ЯВАХ ШАЛТГААН” ӨГҮҮЛЛЭГ

“АМЬД ЯВАХ ШАЛТГААН” ӨГҮҮЛЛЭГ

Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ

Сайхан л хүүхдүүд нь бужигнаж, халуу төөнөж байсан гэр нэг л эл хуль, хов хоосон. Эмгэн өндийж цагаа харлаа. Нар аль эрт баруунаа хэвийжээ. Өнөө хэд маань бүгд л сайн явж харьсан байгаа даа гэж бодох зуур тэрээр гурван хүү, ганц охиныхоо царайны хувирлыг санаад инээмсэглэв. Дэжид бүүр өнгөрсөн намар л явахаар шийджээ. Дөрвөн хүүхэд нь бүгд туурга тусгаарлаж, ач зээ нар нь ч овоо том болжээ. Үнэндээ түүнд одоо хоргодох зүйл байхгүйг, бас шунаж хүсээд байхаар зүйл ч үлдээгүйг ойлгосон тэр өдөр л Дэжид хүний амьдрал гэдэг хэтэрхий богинохныг мэдэрч билээ. “Сайхан насыг насаллаа. Сайн хүнтэй ханилж, хэдэн сайхан хүүхэд үлдээлээ. Сайхан нутаг оронд сайхан хүмүүсийн дунд насыг сайхан элээлээ. Одоо боллоо” гэсэн бодол түүний толгойноос салахгүй эргэлдэж эхэлсэн тэр өдөр Дэжид энэ өвөл л явна даа гэж хатуу шийджээ. Тэгээд бага хүүгээ шинэ өвөлжөөнд буулгаж, хэдэн малаа дөрвөн хүүхдэдээ эн тэнцүү хувааж өгөөд тэрээр насаараа тойрч нутагласан Баянбулагийнхаа өвөлжөөнд ганц халтар нохойтойгоо үлдэв.

Сүүлийн хэд хоног бие нь барагтайхан байсан тул хүүхдүүдээ цөмийг нь дуудаж, авдар саваа уудлан дээл хувцас, жаахан хатуу юм байснаа хувааж өгөөд сэтгэл нь бүүр амарчхаад сууж байгаа нь энэ. Гэвч эмгэний санааг ганц л зүйл зовоож байлаа. Тэр нь хөгшин халтар нохой. Дэжидийн гараас л бол угаадас ч хамаагүй уудаг, өөр хүн бол өөх өгөөд ч үнэрлэдэггүй адайр ааштай халтар нохойг нь хооллох гэж хүүхдүүд нь элдвээр оролдоод дийлсэнгүй. Ганц охин нь “Сонин юмаа. Энэ нохой ээжээс гадна Дамбий гуайн Сэмжидээс л хоол иддэг юм. Сэмжид энэ гөлгийг угждаг байсан юм гэнэлээ. Дөнгөж төрөөд байхад нь эхийг нь чоно тастаад хаячихсан юм гэсэн. Аав маань амьд байхдаа Сэмжидээс авчирсан нохой шүү дээ” гэж ярихыг сонссон эмгэний дотор цэлмээд ирэв. Тэгээд “Сэмжидийг ирж уулз гэж хэлээрэй” хэмээн хүүхдүүддээ захиснаа бодоод босохоор өндийв. Тэрээр галдаа хэдэн аргал хийж, хүн ирвэл яаж хов хоосон сууж байх вэ хэмээн бодож цай үйлээ.

Гэрийн эзэн боссоныг мэдсэн бололтой хөгшин халтар үүд шөргөөн хоол нэхэж байгаа нь илт. Эмгэн нохойгоо хооллохоор гарав. Тэрээр яг л хүүхэдтэйгээ ярьж байгаа юм шиг: -Хэцүү ч амьтан юм даа, чи. Намайг үхчихээр чамайг өлсөөд үхчих байх гэж бодохоор гол тасрахгүй нь бололтой хэмээн үглэж байлаа. Хөгшин халтар нь эзнийхээ үгийг дуулгавартай чагнах мэт толгойгоо гилжийлгэн нүдээ онийлгохыг хараад Дэжид: -За яах вэ, Сэмжид хүрээд ирэг. Чамайг захиад явна. Манай Сэмжид сэтгэл сайтай, гар хөнгөнтэй охин шүү гэж хэлээд идүүрт нь хоол хийж өгөв. Өлссөн нохой нь Сэмжидийн тухай ярихыг нь харин сонсолгүй шууд л хоол руугаа дайрахад: -Энэ маань Сэмжидийн гараас хоол иддэг л байгаа даа хэмээн санаагаа чилээж эхэллээ. Уг нь энэ хорвоогоос хоргодох юмгүй буцна гэж бодсон ч бас л болж өгөхгүй нь дээ хэмээн тэрээр урамгүйхэн бодож байв. Дэжид эмгэний бие базаахгүй байгаа, өөрийг нь заавал ирж уулзаач гэж аминчлан захисныг дуулсан Сэмжид аавтайгаа хамт иржээ.

Дамбий нэлээд даарсан бололтой: -Залуу байхад жавар тоодоггүй байж, Дэжид минь. Баянбулаг руу өнгийтөл золтой л хөлдчихсөнгүй. Утааны үнэр хүртэл дулаахан байдаг юм байна. Энэ Баянбулагт утаа гаргах хүн нь ганц чи л байна шүү дээ. Сүүлийн үеийн залуучууд өвсний шим, газрын ээлтэйг биш замын ойрыг л дагаж нутгаа сонгодог болсон хойно доо. Чи л энэ нутгийг эзэнтэй байлгаж байна хэмээн ар араас нь давхцуулан баахан юм ярив. Үнэндээ Дамбийгийн үгийг тэр сайн сонсож чадсангүй. Хий дэмий л: -Харин тийм ээ хө гэхээс өөр үг хэлсэнгүй. Сэмжидэд нохойгоо захичхаад өөр хоргодох юмгүй буцна даа гэж бодож байсан түүний бодол элсэнд асгасан ус шиг алга болжээ. Насаараа тойрч нүүсээр өдий хүрсэн Баянбулагаа хэнд ч захиж үлдээгээгүйгээ гэнэт санаад толгой руугаа шаагаад авмаар санагдав. Дамбий өвгөн урт цагаан соруултай гаанс гарган улалзтал нь тамхи асааж юу ч юм ярьсаар л байлаа.

“Үгүй ээ, би мөн тэнэг хүн ээ. Ядаж энэ нутгийг эзэнгүйдүүлж болохгүй гэж хүүхдүүддээ ч хэлээгүй юм байна шүү дээ. Намайг унаад өгөхөөр хөхөө өвлийн хар хүйтэнд хэн ирж энд буух вэ дээ. Өмгөр хар гэрийг минь хойд пүнзэнд хураагаад л гэр гэр рүүгээ явцгаана биз. Ёстой л Дамбийгийн хэлдгээр Баянбулаг эзгүйрч дуусна даа” хэмээн бодохоор гэнэтхэн гол нь харлаж, нулимс нь асгараад ирэв. Сэмжид сандарч: -Хүүе, Дэжээ аниа бие чинь гайгүй юу хэмээн дуу алдсаар босоод ирлээ. Дэжид бяцхан тайвширч: -Зүгээр ээ. Эмгэн нь мунгинаж л байхгүй юу гэж хэлэхдээ нэг их санаа алдав. Дамбий охинтойгоо баахан хууч хөөрч, энд тэндхийн элдэв зүйл ярьсаар харанхуй болсон хойно гэр рүүгээ хөдөллөө. Зочдыг гаргаж өгөхөөр нохойгоо хорьж зогсохдоо Дэжид эмгэн: -Явах арай болоогүй байна шүү. Ирэх хавар Баянбулагийнхаа дөрвөн талд дөрвөн сайхан бууц засаад дөрвөн хүүхдээ тойруулж буулгачхаад буцна даа хэмээн бодоод инээмсэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!