“АМЬДРАХ САЙХАН” ӨГҮҮЛЛЭГ

“АМЬДРАХ САЙХАН” ӨГҮҮЛЛЭГ

Х. БАЯРХҮҮ

Залуу өөртөө итгэлтэй шатаар дээш өгсөн алхана. Тэр цахилгаан шатаар өгсөж болох хэдий ч зориуд энэ явган шатаар өгснө. Гурван жил ажилласан энэ цамхагийн өрөө бүхнийг, ордог гардаг хаалга бүрийг тэр андахгүй. Хорин хоёр давхарт хүрвэл дээвэр бий. Өнөөдөр ажил тарсан ч зориуд үлдэж юм хийнэ гэж хэлээд ганцаар хоцорсон. Бодсоноо гүйцээх гэж. Тэр шиийджээ. Гүйцээ… Одоо надад үүнээс өөр арга зам үлдсэнгүй. Ямар ч утга алга. Орох орон ч алга, хань ижил, үр хүүхэд ч алга. Эцэг эх ч алга. Эцгээс минь үлдсэн хашаа байшинг хоёр жил амьдарсан хүүхэн наймаа хийнэ гэж толгойг минь эргүүлж байгаад зарж орхиод , дээрээс нь ойр орчмын хүмүүсээс мөнгө зээлж бөөн өрөнд оруулчихаад хэдэн төгрөгөө аваад усанд хаясан чулуу шиг алга болсон. Гэтэл түүнд ямар их хайртай байлаа. Хайрласаны минь хариу энэ. Орой бүр чиний тухай бодон шаналж унтаж чадахгүй хөрвөөж, чамд гомдож цөхөрсөн сэтгэлээ тайтгаруулах гэж мал болтлоо уучихаад ганцаараа орилж, уйлж явсныг тэр мэдэхгүй. Энд ажиллаад авдаг цалин өчүүхэн. Нийтийн байрны умгар жижиг өрөөний түрээсэнд талыг нь өгөөд, үлдсэнээр нь багахан хүнс аваад , ажил гэрийн хооронд унаанд өгөөд яг таарна. Хувцас хунар элдэв зүйл авна гэж санахын ч хэрэггүй. Хүн амьтны хуучин муусайн хувцасаар л биеэ халхална. Амьдрал ч гэж дээ. Амьд яваа минь л үнэн юм. Бусдаар бол үхдэл шүү дээ. Муу амьдрахаар сайн үх. Одоо гүйцээ, ямар ч утга алга, ямар ч хүсэл алга. Намайг хайрлах, өрөвдөх нэг ч хүн алга. Яах гэж, юуны тулд амьд яваа юм бэ? Гэж бодсоор залуу дээш алхсаар…

Түүний тархинд эсэн бусын бодлууд зэрэг орж ирээд чи цаашаа, би наашаа гэж чихэлдэх мэт замбараагүй. Эр хүн нэг сэтгэлээр унавал, тэр чигээрээ уруудаж хар усанд толгойгоо мэдүүлж, амьдралаа живүүлэхдээ амархан хойно. Тэр үнэхээр цөхөрчээ. Байнга утасдаж өр нэхэх хүмүүсээс, умгар хөлсний өрөөнөөс, нөгөө л тарчиг амьдралаас, хэзээ ч хөдөлмөрийг нь үнэлдэггүй ажилаас. Хамгийн аймшигтай нь ганцаардлаас тэр залхжээ. Тэр алгуурхан өгссөөр дээвэрлүү гардаг хаалганы дэргэд ирлээ. Байнга цоожтой байдаг энэ хаалга онгорхой байх юм. Бодвол харуул түгжихээ мартсан биз. Тэр дээвэр дээр гарч ирээд доош харан зогслоо. Зуны үдшийн агаар тунгалаг сайхан. Энэ дээр агаар ийм сайхан гэж үнэхээр төсөөлөөгүй юм байна. Тээр доор ганц нэгхэн машины гэрэл , гудамжны шонгийн гэрлүүд жирэлзнэ. Шөнө болсон болохоор хүн амьтан ч алга. Яг тохиромжтой. Энэ мөчийг хүлээж тэр ажлын өрөөндөө хэдэн цаг суусан. Эндээс нүдээ аниад үсэрчихвэл… Бүх зовлон, өр зээлний дарамт, ганцаардал үгүй болно. Тэр ингэж бодоод нүдээ анин зогслоо. Гэнэт түүнийг ямар нэгэн хоёр нүд цоо ширтээд байх шиг. Эсвэл тамхины үнэр сэнгэнээд ч байх шиг. Үгүй байлгүйдээ. Энэ орой энэ дээр хэн юугаа ч хийж явахав гээд бодовуу үгүй юу ард нь хэн нэгэн -Залуу минь чи тэнэг л юм хийж байна даа , гэх сөөнгөдүү хоолой дуугарав. Тэр эргэж харлаа. Юу билээ их танил царай. Бүдэгхэн гэрэлд тэр сүүлийн нэг жил хараагүй жар дөхөж яваа буурал эрийг танилаа. Тэр бол энэ цамхагийн арван найман давхарт олон өрөөтэй тансаг сууцанд амьдардаг , энэхүү том барилгын хамгийн том хөрөнгө оруулагч. Залуугийн ажилладаг компанийн эзэн байлаа.

Залуу -Юу вэ, та энд үхсэнээ хийж яваа юм ? -Би орой бүр энэ дээр гарч ирдэг юм. Өөртэйгээ ярих гэж. -Таа цаашаа бай, надад битгий саад бол. Би тэртэй тэргүй дүүрсэн хүн. Үхэхээр шийдчихээд энд зогсож байна. -Байз байз…залуу минь. Чи тэртэй тэргүй үхэх гэж байгаа юм чинь миний хэлэхийг сонсчихоод, үсэр. Ямар ч ялгаа байхгүй шүү дээ. -Та нар шиг муусайн баячууд хэзээ ч бидний зовлонг ойлгодоггүй юм. -Үгүй дээ, харин та нар шиг залуучууд хэзээ ч бидний зовлонг ойлгодоггүй юм. -Ха ха ха, зовлон гэнээ. Орой бүр миний сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр хоол иддэг, тоглодог хүмүүст ямар юмны зовлон байхав дээ. Битгий инээд хүргээд бай. -Үгүй дээ хүү минь, хүн болгонд зовлон байдаг юм. -Танд тэгээд ямар зовлон байгаа юм ? – ммм…, юу л даа ХҮСЭХИЙН ЗОВЛОН -Ха ха битгий донгос. Та нар шиг муусайн баячууд мөнгөөр хүссэнээ авдаг биздээ. -Өө үгүй дээ. Залуу минь мөнгөөр худалдаж авч болдоггүй юм гэж бас бий – Сонин л юм, тэр чинь тэгээд юу юм ? – Хүний сэтгэлийг. Эрүүл мэндийг, бас амьдралыг худалдаж авч болдоггүй юм. Залуу минь, би хичнээн их мөнгөтэй ч гэсэн миний өмнөөс өвдөх, миний өмнөөс үхэх хэнийг ч худалдаж авч чадахгүй. Тэр бол гарцаагүй үнэн. Буурал толгойт залуутай ярилцах зуур алгуурхан дөхсөөр… Залуу түүний яриаг сонсоод ойртож ирсэнийг анзаарсангүй. Өвгөн ганц ухас хийгээд залуугийн захнаас шүүрч аваад хойш нь угз татан унагаалаа. Залуу гэдрэгээ унамагцаа газар хэвтэн эхэр татан уйллаа. Хайрласан хүн нь хаяад явсанд гомдсон гомдол, хатуу орчлонгийн зовлонд нухлуулаад цөхөрсөн цөхрөл нь гашуун нулимс болон урсах шиг. Өвгөн түүний хажууд суугаад залууг татан тэвэрлээ. Тэр өвгөний цээжинд нүүрээ наагаад яг л хүүхэд шиг эхэр татан уйлсаар л.

Олоон жилийн өмнө өөд болсон аавынх нь энгэр шиг сэтгэлд дотно санагдна. Хүний хүн ч гэсэн яагаад ч юм нэг л тийм дулаахан , зөөлөн. Хэсэг уйлж аваад жоохон ч гэсэн сэтгэл нь тайвширчээ. Өвгөн залууг тайвшруулчихаад зэрэгцэж суугаад тамхи асаагаад ярив. -Залуу минь, амьдрах сайхан шүү дээ. Мөнгөтэй хүн бүр муу байдаггүй юм. Би энэ хүртэл амьдрахдаа маш их ажилласан. Бүүр маш их шүү. Өвлийн хүйтэнд гадаа зогсч наймаа хийхээс авхуулаад өнөөдөр энэ том цамхагийг барих хүртлээ зүтгэсэн. Би санасандаа хүрсэн. Яг л чам шиг мөнгө л байхад бүгдийг авч болно гэж бодож явлаа. Халтар цаасны төлөө юугаа ч өгөхөд бэлэн явсан даа. Гэхдээ одоо бодоход би сайнаасаа илүү муу зүйл их хийсэн дээ. Баян цатгалан явахдаа хар багаасаа ханилсан ханиа хоёр хүүхэдтэйгээ хаяад залуухан хүүхэнтэй суугаад явсан ч үе бий. Одоо бодохнээ хоёр охин минь, муу хань минь ямар их шаналсан бол гэхээс өөрийгөө зүхдэг юм. Залуухан амраг минь яахав дээ, хэдэн жил алт мөнгө, торго дурданд хөрвөөж байгаад , үнэтэй байшин , хүчтэй машинаар гангарч байгаад нэг л өдөр үеийн залуу дагаад гадаадруу явсан. Би гэдэг хүн тэр үед хүний сэтгэлийг худалдаж авч болдоггүй юм байна гэдгийг ойлгоод л ганцаар хоцорсондоо. Сайхан хүүхэн мөнгө хараад өвөрт ордог ч хэзээ ч хүний хань шиг тийм сайхан сэтгэлд дулаан байдаггүй л юм. Эргээд харахад охид минь надаас хөндий, Хань минь намайг хэзээ ч уучлахгүй, би гэдэг амьтан орь ганцаар үлдсэн байлаа. Нэг л өдөр би гэдэг хүн мөнгөний боол болсноо ойлгосон. Амьдралаас аз жаргал мэдрэх ёстой тэр сайхан өдрүүдийг би зүгээр л задгай мөнгө шиг цацаад дуусгачихжээ. Саяхан эмнэлэгт хэвтээд байж байхад охид минь нэг ирээд явлаа. Бурхан минь, би чинь өвөө болсноо ч мэддэггүй тэнэг толгой юм. Тэд минь ямар ч хөөрхөн юм бэ дээ… Жижигхэн гараараа илээд, зөөлхөн уруулаараа хацрыг минь үнсээд -Өвөө хурдан эдгээрэй гэж хэлэх тэр бяцхан охин бүүр ч их хөөрхөн. Би тэр үед ямар их хайр энэрэл, ямар их аз жаргал, амьдрал хичнээн сайхан юм бэ гэдгийг мэдэрсэн.

ХАЙР би энэ үгийг, энэ мэдрэмжийг ор тас мартчихжээ. Олон жил мөнгө л бодож амьдарсан байж. Би тэднийгээ хайрлаж , хань болж явмаар санагдсан ч бүх юм оройтсон. -Яагаад ? гэж залуу асуулаа. Өвгөн ахиад нэг тамхи асаагаад яг л аав шиг нь тайван хирнээ, бодлогоширсон дулаан нүдээр залууг хараад цааш ярьлаа. -Би саяхан хорт хавдар туссанаа мэдсэн. Эцсийн шатандаа орчихжээ. Хүн тэгээд цагаа тулахаар үхэж чадахгүй амьдралд хоргодоод байдаг юм байна. Надад өөр ах дүү садан төрөл гэж үгүй л дээ. Хэндээ ч өгөх гэж энэ бүхнийг цуглуулсан юм бүү мэд. Авсандаа аваад орох биш гээд нуг нуг инээснээ, Энд ингээд ганцаараа суух сайхан санагддаг юм. Өнгөрснөө бодож , алдаа оноогоо дүгнэж, үхэхээсээ өмнө ямар нэг сайн сайхан зүйл хийх юмсан гэж бодоод л суудаг юм даа. Хүү минь, хүн үхэх дөгөхөөр тэгээд өөрийн эрхгүй үйлдсэн нүгэлдээ гэмшиж, буян хийх юмсан гэж боддог юм байна. Чи тэр эмнэлэгт очиж харсан ч болоосой. Үхлээ хүлээгээд шаналж буй өвчтөн ганц өдөр ч болов мандах нарыг харах юмсан гэж ямар их хүсдэгийг… Амьдралд хоргодоод үхэж чадахгүй яаж тэмцдэгийг мэддэг ч болоосой. Гэтэл чамд эрүүл саруул бие, сайхан залуу нас байхад амиа хорлох гээд зогсч байдаг… Амьдрал гэдэг чинь үхэлтэй хийдэг тэмцэл юм. -Ингэхэд чамайг үхэхэд хүргэсэн өр чинь хэд юм ? -Гучин сая. Өвгөн ахиад л нуг нуг хөхрөөд -Яасан ч хямдхан амь бэ, Ямар ч богинохон бодол вэ ? гэж хэлээд санаа алдав. Тэд хэсэг чимээгүй суулаа. Тэгээд өвгөн ам нээлээ. -Хүн амьд үлдэх гэж тэмүүлж байхад, чи үхэх гэж яарч байх гэж. Ахиад хэлье. Амьдрал гэдэг чинь үхэлтэй хийсэн тэмцэл юм шүү. Тэмц , битгий бууж өг. Хүсэхгүй бол үсэр дээ. Надад ч ямар амьдрах хугацаа үлдсэн биш гэж хэлчихээд өвгөн босоод залууг орхин эргэж харалгүй яваад өглөө. Ганцаараа үлдчихээд тамхи татан өвгөний хэлснийг хэсэг бодож суухдаа өөрөөсөө айх шиг, ичих шиг санагдлаа. Тэр одоо чөлөөтэй, учир нь түүнд хэн ч саад хийхгүй. Одоо үсэрч болно…

Мандах нарыг харан, шувуудын жиргээг сонсоод сэрэх зуны өглөө дэндүү сайхан. Аз жаргал баяр хөөрөөр дүүрэн гүйлдэх томоогүй үрсээ хараад, ханийнхаа чанасан цайг уугаад амралтын өдөр гэр бүлтэйгээ өнжих хичнээн сайхан. Амьдрах сайхаан… Тээр жил, тэр нэг шөнө…тэр өндрөөс үсэрчихсэн бол. Тэр өвгөн таараагүй бол… Бодохоос ч аймар. Өвгөн хэлснээрээ яг л нэг сарын дараа тэнгэртээ одсон. Гэхдээ өөрийнх нь хэлснээр мөнгөтэй хүн бүр муу хүн биш юм аа. Тэр өөрийнхөө хүссэнээр эрүүл эрхтнээ бусдад донор болгож бэлэглэсэн. Мөн бас хүссэнээрээ хорт хавдрыг эрт оношлох төв нээж олон хүнд буян болсон. Одоо мань залуу түүнийг нь удирддаг билээ. Бага хүүгээ уйлах чимээнээр хүүхдийн өрөөрүү орлоо -Өө миний бяцхан үр нь сэрээ юу гээд хүүгээ хуурайлахаар аваад бяцхан цамцыг нь тайлахдаа анх удаа хүүгийнхээ баруун гар дээрх нарийхан урт улаавтар мэнгийг харлаа… Яг л тэр нэг сайхан сэтгэлт өвгөний гар дээрхи сорви шиг хэлбэртэй юм. Эрт оношлох төвийг нээх гээд цуг явахдаа хэлж байсан үг нь яг одоо түүний толгойд зурвасхийн буулаа. Тэр ингэж хэлсэн юм. -Хүү минь, бусдад буян хийсэн хүн эргэж хүн болж төрдөг юм гэж бурхны шашинд сургасан байдаг. Магадгүй үнэн ч юм билүү. Ямартай ч би үхэхээсээ өмнө энэ төвийг нээж өвчинтэйгээ тэмцэх олон хүнд буян хийчихээд сэтгэл амар нүд аних минь. Үйлдсэн нүглийг минь бага ч болов нимгэлэх бизээ. Ай даа хүү минь, амьдрах сайхан шүү дээ… Тэр сайхан сэтгэлт өвгөний хэлснийг санаад тун жаргалтай инээмсэглээд хүүгээ үнслээ. Тиймээ, амьдрах үнэхээр сайхан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!