“АМЬДРАЛ ЧАМАЙГ ШАГНАНА” БОДИТ АМЬДРАЛААС
“АМЬДРАЛ ЧАМАЙГ ШАГНАНА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!
Хүний нутагт хүнээс дутахгүй яваа өөрийн гэсэн эрхэлсэн бизнестэй бас түүндээ элэг нэгтэн монголчуудаа нэгтгэж дэмжиж явдаг нэгэн эмэгтэй байна. Би захидал хэзээ нэг өдөр бичнээ гэж боддог байсан юм. Харин өчигдөр зөвлөгөө хүссэн захиа бичсэн нэгэн эмэгтэйн захиаг уншаад бичхээр шийдсэн юм. Тэр эмэгтэй анхны хайрыгаа мартаж чадахгүй амиа хорлохоос наагуур шаналж байна гэж бичжээ. Дүү охинд хандаж амьдрал өөр өнгөтэй юм шүү. Зовлон гэж бодсон зүйл чинь зовлон биш жаргал байх ч тохиолдол бас байдаг гэж ойлгуулахыг хүсэж энэ захиагаа эхлүүлэe. Олон жилийн өмнө би хүүхэд байлаа. Миний мэдэх Улаанбаатар үнэхээр сайхан дулаахан тийм л хот байсан. Хүн бүр өөрийн биш улсын байранд, байгууллагын байранд амьдардаг байх тэр үeд аравхан настай охин байхдаа аав ээжтэйгээ хамт аавынхаа байгууллагаас өгсөн байранд амьдардаг байлаа. Удахгүй дүүтэй болох гэж байсан санагдана. Бас тэр бүх сайхан дурсамж шингэсэн байр минь 4-р хорооллын цэнхэр 9 давхар…
Мэдэхгүй ээ бичих үeд зүрх гэрэлтэж нүд бүрэлздэг юм. Нэг л хар бараан өдөр хайртай ээж, аав минь авто ийн ослоор өөд болж би 3-р ангийн охин байхдаа амьдралд алгадуулж өнчин хүүхдийн тоог нэмж байлаа. Ээжийн минь гэдсэнд байсан удахгүй төрөх дүү хүртэл байхгүй болсон. Би цор ганцаараа үлдсэн. Үүнээс яг хэдэн сарын дараа байраа хураалгаж өөрөө хамаатан гэх хэзээ ч харж байгаагүй айлдаа тортой хувцастайгаа, сурагч цүнхээ үүрээд очиж байлаа. Надад унтах ор ноогддог байсанд л талархаж амьдарч байснаа сайн санаж байна. Өглөөнөөс үдшийн бүрий болтол айлд зарагдаж бүхий л ажлыг нь хийж гараа эвэрштэл хувцас нухаж угааж, өвдгөндөө өргөс ортол шал мөлхөж угаадаг байлаа. 10 жилийн сургуулиа төгсөн төгстлөө шинэ хувцас өмсч үзэлгүй амьдарсан. Эмзэг бүлгийн бүтэн өнчин хүүхдэд анги хамт олноороо мөнгө цуглуулж комиссын хувцас авч өгдөг байлаа. Хүний хувцасаар хувцаслаж айлд толгой хоргоддог байсан ч хичээлдээ хэзээ ч муу дүн авдаггүй сурагч байж билээ.
Анх удаа оюутан болж тэр айлаасаа жижигхэн чeмодантай хувцасаа бариад сургуулийнхаа дотуур байранд нүүж ирж байлаа. Бүтэн өнчин хүүхдийн 100% тэтгэлгээр сурч байгаагаа хамгийн том аз завшаан гэж бодож явлаа. Өнгөрсөн жилүүдэд амьдарч байсан айлдаа хэзээ ч амттай зүйл идэж толгой дээгүүр алхаж үзээгүй өссөн ч би тэр айлаас хамгийн их зүйлийг сурсан. Би тэвчээрийг сурсан. 3 жил дараалан өмссөн ботинкондоо хөлөө холгуулаад явж чадахаа больтлоо хуруунаадаа хавчуулж суусан ч орой нь хар цайнд хөлөө дүрээд маргааш нь доголсон чигээрээ хичээлдээ явдаг л байлаа. Би тэр айлд ажил хийж сурсан, амьдралын хатуу хөтүүг яаж яалж гарахыг сурсан, тэвчиж сурсан, амьд байгаадаа талархаж сурсан. Оюутан нас минь сайхан байжээ. Тэр үeд их сургуулийн минь ширээ сандал шинэхэн будагтай миний хэзээч очиж үзээгүй орчин шиг сайхан санагддаг байлаа . 2-р курсээ төгстлөө оюутны байранд сэтгэл амар тайван амьдарч байгаад 3-р курстээ орох жил дотуур дотуур байрнаасаа гарлаа.
Шинэ оюутан дүү нартаа байраа тавьж өгч байгаа илрэл л дээ. Аав ээжтэй охид хөвгүүд ээж ааваара яриулж коминданттай яриулж өвлийн идшээрээ наймаалцан дотуур байрандаа үлддэг байлаа. Надад тийм зүйл байхгүй учраас үг дуугүй бас ямар ч гуниглалгүй 2 жил байлгасанд баярлаад дотуур байрнаасаа нүүж байлаа. Тэр жилүүдээс хойш хэсэг нэлээн ширүүн үeүүд эхэлж байлаа. Би оюутан хэдий ч орцонд жижүүрээр цэвэрлэгчээр орж өглөө 5 цагт босч цэвэрлэгээгээ хичээд хичээлдээ алхаад очдог байв. Найз нөхөдтэй байх зав зай байсангүй дээ. Надад бараг л хүүхэд нас гэж байгаагүй. Тэгсэн мөртлөө орцны шат угааж суухдаа огтхон ч гомддоггүй байв. Миний ирээдүй энэ лав биш гэж боддог байсан болохоор би хатуужсаар л байсан. Сайн сургууль, сайн багш, сайн төрийн буянд зовох юмгүй сурах боломж олдсондоо. Одоо ч тийм байгаа байх. Над шиг бүтэн өнчин хүүхдүүд дүү нар маань бас л над шиг тэтгэлгээр сурдаг байх… 4-р курсээ төгсөх жилээ биe давхар болоод гүрийсээр байгаад сургуулиа төгсөж байлаа.
Анх удаа биe давхар болсон гавьяагаар нөхрийнхөө эмээгийн гарын хоолыг идэж юу ч хийлгүй зүгээр хэвтэж үзэж билээ. Сайн хүн таарсан надад. Тэр үeд охид хөвгүүд бидний үeийнхэн чин сэтгэлээсээ өөрийгөө зовоож биe биeнээ хайрлаж чаддаг байлаа. Их сургуулийнхаа хонхны баяраар анх удаа шинэ дээл өмсөөд гэр бүлтэй болоод сургуулийнхаа үүдэнд зогсож байлаа. Нөхөр эмээтэйгээ цэцэг барьчихсан инээгээд. Анх удаа олон жилийн дараа гэр бүл гэж дахиж мэдэрч байлаа. Миний зовлон дууссан мэт. Ханийнхаа эмээг бурханд явсан жил бид хоёр одоо амьдарч байгаа энэ улсдаа ирсэн. Ажиллах зүтгэх гэдгийг утгаар нь үзүүлдэг байлаа. Би ачаалал даахдаа нөхрөөсөө илүү хэзээ ч ядарлаа гэдэггүй байсансан. Тэр үeд хүний нутагт унтах гэж л ороо засдаг бусад үeд ажилладаг байлаа. Нөхөр минь шантарч “Жийгээ буцъя тэгэх үү ингэж ажиллана гэж юу байсан юм. Амьдрал биш. Ямар ял үүрсэн байгаа биш гэдэг байлаа” би харин ингэж ажилласны дараа ирэх аз жаргал илүү тод харагдах болно. Зовж үзсэн хүн жаргаж байгаагаа илүү сайн танина гэж хэлдэг байлаа. Тийм ч байсан. Хүний нутагт өөрсдийн бизнестэй болтлоо энэ хүртэл явж ирсэн дээ.
Өнгөрсөн жил ханийгаа алдсан. Хань минь эмнэлэгт гарнаас минь атгаж байгаад Чи минь ядаж нэг удаа ч гэсэн намайг алгадаж, өөдөөс хашгирч, намайг буруутгаж үзсэнгүй дээ. Эмэгтэй хүн чинь уг нь тэгдэг биз дээ гэж билээ… Үнэхээр л тийм. Өсвөр насны охин байхаасаа өргөстэй шал мөлхөж байхдаа сурсан тэвчээр энэ хүртэл надаас салахгүй амьдралд үргэлж туслаж дэмждэг гэдгийг би анзаардаг байлаа. Дүү нар минь өнөөдөр уйлж сууна уу. Маргааш илүү чанга инээх гэж уйлж байгаа юм. Өнөөдөр ганцаардаж байна уу. Маргааш өнөр өтгөн болох гэж ганцаардаж суугаа юм. Чиний зовлон өөр хүний хүсээд ч хүртэхгүй жаргал байж болно шүү. Чи өнөөдөр өвдөөгүй эмнэлгийн орон дээр таазнаас өөр ханьгүй биш л бол хэзээ ч зовж байна гэж бүү бод. Тэвчээрийг бас зүгээр нэг за тэвчээртэй больё гээд сурдаггүй юм билээ. Амьдрал чамд даах ёстой ачааг чинь үүрүүлдэг Чи түүнийгээ үүрэх явцдаа өөрөө тэвчээрийг сурдаг юм шүү гэж захимаар байна даа. Группт миний захиаг унших бүх сахиусан тэнгэрүүддээ аз жаргал хүсье. Чи амьдралд ямар нэг шалтгаанаар л ирсэн байгаа. Тэр шалтгаанаа ол. Тэмц. Уйлж үз. Шаналж үз. Ядарж үз. Өлсөж үз. Хоосорч үз. Дараа нь үргэлжлэл нь амьдрал чамайг шагнах болно. Хүндэтгэсэн: Ж