“АМЬДРАЛ ОДОО Л АЛГАА ДЭЛГЭХ ГЭЭД БАЙХ ШИГ” БОДИТ АМЬДРАЛААС

“АМЬДРАЛ ОДОО Л АЛГАА ДЭЛГЭХ ГЭЭД БАЙХ ШИГ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Би одоо 30настай. Сая он солигдох мөчид 30 настай бүсгүй болсоон. Харин яг одоо 11 жилийн тэртээгээс эхэлсэн түүхийг эхлүүлье. 10 жилээ төгсөөд хүссэн сургуулиа авч чадалгүй би аймагтаа дахин конкурс өгөхөөр нэг жил өнжсөн юм. Яг тэр намар нь нийгмийн ухааны хичээл заахаар шинэхэн төгсөж ирсэн багш залуу иржээ. Жижигхэн газар аргагүй л жижиг газар л даа. Шинэ багш од болж амтай болгон л загвар өмсөгч шиг шинэ багш ирж гэнээ гээд л ярьцгаах болов. Би тэр намар сургуулийн буфетэнд ажилд орсон юм. Нэг жил ажиллаад цалингаа цуглуулж ирэх намар хотод очоод шинэхэн оюутан болно доо гэж том мөрөөдөлтэй ажилд ороод байв. Нэг өдөр лангууныхаа ард унтчихаж зүүрмэглээд. Гэнэт лангууны дээрээс тог тоог гээд хүн тагнаа таших сонстоход өндийгөөд хартал зурсан юм шиг хурц нүдтэй үнэхээр гоё үсний засалттай бас инээхэд нь хацар хонхойдог залуу мантуун бууз авья гэчихсэн зогсож байлаа. Би дурлаж орхисон байв. Тэрүүхэн хооронд түүний хацарны хонхорхой инээхэд нь үүсч байгааг, чихээ цоолсон байсныг бас нүднийх нь өнгө гүн хар байхыг бүгдийг харж амжив. Тэр мантуун буузаа аваад гарахдаа эргэж хараад инээмсэглэсэн цагаас би нисчихсэн дээ. Маргаашнаас нь ажил дээрээ ирнэ гэдэг утга учиртай болж өглөө эртлэн босоод л үсээ янзалж нүүрээ тольдон сормуусаа хүртэл буддаг болов. Уг нь нэг ч будаг түрхэж үзээгүй байсан л даа тэр үед. Нийгмийн ухааны хичээл ордог гэдгийг нь бэлтгэгч эгчээс сонсов.

Тэр залуу сургуулиас гаргаж өгсөн нэг өрөөнд байрладаг учир ихэнхдээ буфетнээс түргэн хоол авч иддэг байв. Би түүнд арай илүү порцтой, илүү сэтгэл гарган салат хүртэл нэмээд өгнө. Тэр аваад цааш явах бүртээ инээмсэглээд гараа тосч бай даа гээд алган дээр маань чихэр юм уу ямар нэг амттай зүйл тавиад явдаг болов. Дурлал үнэхээр сайхан л даа эхэндээ. Тэр урлагийн үзлэгт ангийнхнаа бэлдэж байгаа гэчихсэн ядрангуй орж ирээд надад чихэр өгөөд гарахдаа утасны дугаараа бичсэн салфетка өмнө маань тавьчихаад яваад өгөв. Өмнө нь утсаа тетрис тоглоход л ашигладаг байсан би нэгж, бүтэн хоногийн мессеж эрх авахад зарцуулж үргэлж л утаснаасаа зүүгдэн явах болов. Бид хэнд ч мэдэгдэхгүй нууцаар болзож, цэцэрлэгийн хашаанд үерхлээ ярин хөтлөлцөн сууж дараа жил хамтдаа хот буцаад намайг төгсөнгүүт хамтдаа ирж эндээ сайхан амьдарна гэж мөрөөддөг болов. 4 насаар ах болохоор яалт ч үгүй ивээл гээд л би бүүр тэнгэрт л нисч явлаа. Хамтдаа захианы дэвтэртэй болж хичээлийн дундуур миний тухай бичсэн дэвтрээ авчирч өгнө, би уншаад зөрүүлэн бичээд ирэхэд нь өгнө бас амралтын өдрөөр хоёулаа холгүйхэн уулруу гарч миний хийж ирсэн хоолыг хамтдаа иддэг байлаа. Удалгүй бүгд л мэддэг болов. Бид хоёр нуугдаж уулзахаа байлаа. Ажил тараад хөтлөлцөн гүйх болов. Тэр жил үнэхээр сайхан би анх удаа хайр дурлалтай учирсан жил байлаа. Ирэх намар нь бид хамтдаа Улаанбаатарт ирлээ. Тэдний гэрт очиж ээж аавтай нь танилцаж би тэднийд түүнтэй хамт байх болов. Хүссэн сургуулиа дахиад л авч чадаагүй учраас өөр сургуульд оров. Харин тэр мэргэжлээрээ дүүргийнхээ нэгэн сургуульд ажиллаж эхлэв. 1-р курсийнхээ хаврын амралтаар хөдөө гэртээ харьлаа. Бүгд л танай хүн яаж байна, хамт ирэхгүй яасан юм, хэзээ гэрлэх гэж байна, хамт амьдарч байгаа гэл үү гээд л. Намайг хөдөө ирсэнээс хойш тэр нэг ч залгасангүй. Би гайхаж байсан ч огт санаа зовсонгүй. Намайг буцах өдөр л залгаснаа өнөөдөр гарч байна уу гэж асууснаа таслаж орхив. Хотод ирлээ.

Тэднийд орж иртэл тэр байхгүй ээж аав нь хоёулаа л байсан юм. Би хүлээлээ. Шөнө нь ирсэнгүй. Дахиад маргааш нь бас ирсэнгүй. Нөгөөдөр нь хичээл дээрээ суучихаад юу болоод байгааг ойлгохгүй яасан юм бол гээд гайхан зам гартал замын цаана тэр зогсож байв. Намайг хүлээж байж. Баярлаад л хоёр хоног ирээгүйг нь таг мартаад гүйж очоод тэвэртэл 2 гарнаас базаж атгаад өөрөөсөө түлхэж орхив. Тэнд байсан бүх хүн гайхсан. Хайраа яасан бэ гэхэд дагаж яваад манайхаас юм аа ав гэсэн. Яагаад гэж асуухад би чамаас салмаар байна өөр юм хэлмээргүй байна гэлээ. Гэртээ ороод ярилцах байх замдаа хэрэлдээд яахав гэж би бодоод чимээгүй л дагаад явав. Миний бүх зүйлийг аль хэдийн бэлдчихжээ. Ээж нь бэлдсэн бололтой. Юмаа сайн бүртгээрэй үлдээчихээд байн байн ирээд байв гэж хэлэхийг нь сонсоод чихэндээ итгэсэнгүй. Зүгээр л залхаад бас чиний байгаа байдал манай гэр бүлд тохирох хүн биш учраас салж байна гэж тайлбарлав. Би юу ч хийж чадалгүй гэрээс нь гарлаа. Хоёр чемоданаа чирээд ангийнхаа охины дотуур байранд очлоо. Найз залуутайгаа маргаад өөрөө гараад ирлээ гэж худлаа хэлсэн. Хэдэн өдрийн дараа хажуу өрөөнөөс үнэртэх чанасан махны үнэрт огиж бөгшүүлээд 00 оров. Би жирэмсэн болсон байв. Хамгийн түрүүнд түүнрүү залгав. Утсаа огт авсангүй. Очиж хэлэхээр болоод гэрлүү нь очтол тэр гэртээ өөр бүсгүйтэй хамт байж байв. Тэр эмэгтэй нь бүр хадам ээжтэй хамт хөзөр тоглочихсон инээлдэж суухыг харав. Би уйлж орилж хашгирч мэдэхгүй анх удаа л би аймшигтай их уурлаж гомдож байгаагаа тэр үед мэдсэн. Жирэмсэн гэдгээ хэлтэл ээж нь гаргаад өгчих бид нар өсгөөд өгнө, өөрсдөө авчихна гэж хэлсэн. Харин анхны хайр миний бүх зүйл байсан тэр нэг ч үг хэлээгүй ийм л бна ээжийн хэлэхийг сонсоо биз дээ гэж хэлсэн юм даа. Би үхтлээ уйлаад орцонд нь шөнө болтол суугаад дотуур байрлуу алхсан. Авахуулах гэж хоёр ч удаа эмнэлэг яваад замаасаа буцав. Би хүүхдээ төрүүлэхээр шийдлээ. Ээж аавдаа хэлж чадахгүй айгаад зуны амралтаараа харьсангүй. Аль хэдийн 5 сартай болсон байлаа. Энэ хугацаанд тэрнийг л хүлээсээр. Ирнэ уучлалт гуйна гэдгийг нь найдсаар л…

Нэг өдөр утас дуугарав. Тэр уулзъя гэсэн юм. Очиход гэдсийг маань хараад л надруу хараад л. Хамтдаа найзууд дээр нь амралтад очоод ирье гэхэд нь дагаад явав. Тэнд бүгд ууцгааж байв. Би ярилцах тохиромжтой үеийг хүлээгээд л одоо л ярилцна даа гээд. Хоёр давхар модон шатаар тагтруу гарахаар алхаж байтал би хөл алдан унасанаа санадаг. Нэг сэрэхэд би эх нялхаст хэдийн хагалгаанд орчихсон гэдэс минь маш их өвчтэй гэхдээ дотор нь юу ч байхгүй… Би хүүхдээ алдсан байлаа. Хөдөөнөөс ээж аав хоёр минь гарсан гэв. Харин тэр дэргэдээс маань алхам ч холдоогүй асарч байв. Аав ээж маан ирлээ намайг тайвшруулж асарч ээж маань уйлж уйлж л буцав. Би харихгүй шууд 9 сард хичээлдээ орноо гэж хэлээд үлдсэн юм. Бид хоёр эргээд нийлэв. Өнөөх гэрт нь байсан охин яасан гэдгийг ч хэн ч хэлсэнгүй. Түр зуурын явдал байсан юмаа гэж хэллээ. Ирэх намар нь ээж минь бурхны оронд гэнэт одов. Бид хоёр нутагт маань ирж бараг сар болоод буцав. Хамаг л нууцаа хэлдэг миний талд л үргэлж зогсож байдаг муу ээж минь байхгүй болов. Хэдэн сарын дараа би дахин жирэмсэн болов. Энэ тухайгаа аавдаа хэлж та өвөө болохнээ гэхэд аав маань маш их баярлаж утасны цаанаас нулимс унагав. Аз жаргалтай шинэхэн ээж болоход бэлдсээр л байв би. Харин нэг л өдөр байдал эргэв. Өнөөх охин дахин гараад ирэв. Тэр солонгос явсан юм байж. Нөхөр дахиад л ирэхээ больж утсаа авахгүй алга болж нэг өдөр ирэхдээ нөгөө охиноо хөтлөөд ороод ирэв . Би жирэмсэн чи удахгүй үр хүүхэдтэй болох гэж байж битгий ингээч ухаантай байгаач гэж хэлж гуйж аргадаж уурлаж уйлж үзээд би ялагдсан юм. Хоёр дахь удаагаа тэдний гэрээс явлаа. Нулимстай хэдэн сар дуусдаггүй олон жил шиг өнгөрч билээ. Үхтлээ уйлаад түрээслэж байгаа нийтийн байрандаа өдөржин шөнөжин уйлж аавыгаа залгахад зүгээрээ ааваа бид гурав ингээд явж байна, одоо тэнд байна гээд л аргалсаар байгаад миний төрөх хугацаа болж аргагүйн эрхэнд аавдаа дуулгав.

2010 онд миний үр ээждээ ирэв. Төрөх эмнэлгийн хүлээлгийн өрөөнд эвий муу аав минь хөлсөө арччихсан шөл зөөгөөд зогсож байв. Аав маань нэг ч зүйл асуугаагүй ээ надаас. Миний охин яг ээж шигээ сайн ээж болоорой гэж л хэлээд духан дээр минь үнссэн дээ. Нутагтаа очлоо. Сайхан нутаг минь охиноо илбээд л дорхноо тэнхэрч байв. Төрсөн хүн дээр ирэх хүмүүсийн харцнаас дальдрах л хэцүү байв. Бүгд л аав нь яасан, салсан гэсэн үү, өөр хүнтэй сууж байгаа гэлүү, эцэггүй хүүхэд өсгөх хэцүү дээгэх мэт хатуу үгс… Нэгэнт зовж хангалттай шаналж байгаа нялх биетэй нэг муу бүсгүйгээс сайхан амаржсан уу мэнд төрсөн үү гэхийн оронд үрээ орхисон аавыг нь асууж зүрхий нь өвтгөх өөдгүй монгол занг тэгэхэд л харсан даа. Амьдрал дахин нэг удаа нүүр буруулж муу аав минь хүүг минь 5 сартай байхад өөд болов. Аавынхаа зээлний ард би үлджээ. Хөөрхий муу аав минь… Банкнаас өр нэхэгдэж эхлэв. Би үнэхээр гарц олж харсангүй. Ямар ч байсан хот явах ёстой ажил олж хийх ёстой боллоо. Ирээд хүүгийнхээ аавтай холбогдож тэтгэмж тогтоолгохыг хүсэхэд тэжээж чадахгүй бол аваад ир би өөрөө өсгөе гэсэн үгээр ам таглав. Ангийнхан бас найзууд бүгд тэр үед анхнаасаа би огт байгаагүй юм шиг алга болсон байсан. Надруу хэн ч гараа сунгаагүй юм даа. Би хүүтэйгээ настай хүн харах ажилд орон гэрт нь байрлах болов. 3 сар ажилласан цалин минь аавын тэтгэврийн зээлийн 1 сарыг л дарж хүрч байв. Хүүдээ памперс авч өгөх ч боломжгүй цалингаа банканд өгдөг учир хүүдээ даавуугаар живх хийж өдөр бүр гараа зулгартал хүүгийнхээ даавууг, асарч байгаа настангийнхаа даавууг угаадаг байв. Настан маань сайхан буурай байж билээ. Миний хүүд их сайн. Энэ бондгор хүүдээ хадгаламж нээж өгнөө өвөө нь гэсээр байгаад миний хүүд 300 мянган төгрөгтэй хадгаламж нээж өгсөн.

Бид хоёр тэр сайхан айлд яг хоёр жил болов. Хорвоогийн жам ёсоор буурай өөд болон би хүүгээ аваад нүүх болоход буурайгийн охин миний бүх төлбөрийг төлөөд сургуульд минь оруулав. Төгсөх курс л үлдсэн байсан учир хүүгээ урд хойноо гэсээр байгаад төгссөн дөө. Хүүгийн аав ямар ч сураггүй би ч сураглахгүй уджээ. Аль хэдийн нөгөө бүсгүйтэйгээ суусан хүүхэдтэй болсон гэж сонссон байсан. Миний хүү 3 настайдаа анх удаа аав ирнэ тэ гэж хэлэх үггүй болгож билээ. Тэр цагаас хойш дахин дурсаагүй ээ. Өнгөрсөн жил хүүгийнхээ хадгаламжийг хааж хүү бид хоёр гал голомттой болсоон. Буурайгийн нээж өгсөн хадгаламж түүн дээр 10, 20дохгүй нэмсээр байсан хуримтлал маань 1 өрөө байрныхаа 60 хувийг төлөөд ороход хүрсэн. Хүү минь онц сурдаг, өвөөгөө дуурайгаад маш гоё зурдаг үнэхээр мундаг үр болон хүмүүжиж байна. Харин би энэ жил Удирдлагын академи төгссөн. 2020 онд өөрийн гэсэн бизнесээ нээхээр эрс шулуудсаан. Гэхдээ өнгөрсөн цагт байсан хүчгүй дорой өөрийгөө бодоод огт харамсдаггүй ээ. Би тэгж зовж ганцаардаж байж хүчтэй болох байж, тэгж ганцаардал мэдэрч байж сайн муу найзыг таньдаг болох байж. Энэ группийн бүх захиа яг л амьдралын хичээл шиг санагддаг. Яг хэрэгтэй цагтаа л чи зөв захидлаа олж уншвал ирээдүйгээ зөв бүтээх юм шиг мааш гоё групп. Хүүгийн аав энэ өвлөөс тасралтгүй залгаж холбогдох гэж оролдож хүүтэйгээ уулзая гэх болсон байна лээ. Одоо өш хонзон санаад гомдол тээгээд яахав гэж би бодсон би их зөөлхөн хүн байх. Харин хүү маань аавтайгаа уулзахыг хүсээгүй. Ямар хүн байдгийг нь мэдмээргүй байна, ээж та л миний аав бас ээж. Тэгээд болоо гэж хэлсэн. Хатуу ч гэсэн хүү минь ээж шигээ тийм зөөлхөн хүн биш бололтой. Аав нь одооч гуйсаар л байна. Гэр бүл нь аз жаргалгүй байгаа пм гэнэ. Зогс…. Чи аз жаргалтай байх болоод хайр дурлалдаа умбаад бие давхар эхнэрээ гэрээсээ хоёр дахиа хөөхдөө ирээдүйд сайхан амьдрахаа мэдэж байх байж дээ. Т……. минь чамд буцах зам байхгүй. Чи хүчээр ч хамаагүй аз жаргалтай мэт инээж амьдрах өртэй хүн. Амьдрал одоо л алгаа дэлгэх гээд байх шиг. Би чаднаа. Ухаантай хүүгийнхээ төлөө 30 наснаасаа эхлэн дэлбээлж явнаа…

One thought on ““АМЬДРАЛ ОДОО Л АЛГАА ДЭЛГЭХ ГЭЭД БАЙХ ШИГ” БОДИТ АМЬДРАЛААС

  1. Ямар аймар хатуу амьдрал вэ? Ямар их тэсвэр тэвчээр вэ? Энэ эгч хүү нь байгаа болохоор л энэ бүгдийг туулж ирсэн байхдаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!