“АМЬДРАЛ НАДАД АЗ ЗАВШААН ХАРАМГҮЙ ЗАЯАСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“АМЬДРАЛ НАДАД АЗ ЗАВШААН ХАРАМГҮЙ ЗАЯАСАН…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Шинэхэн гал голомтоо бадрааж, айлын гэргий болоод удаагүй нэгэн гишүүн байнаа. Энэ тухай заавал бичиж хуваалцмаар санагдлаа. Би 27 настай. Айлын ганц охин. Нөхрийгөө анх цагдаад барьж өгч танилцаж байлаа. Таван жилийн өмнө гэгээн цагаан өдөр миний утсыг шүүрээд булан тойроод зугтсан залуу, хойноос нь элдэж хөөгөөд яг араас нь эргэтэл буландаа амьсгаагаа дараад зогсож байдаг юм. Хөөe xулгайчааа, яанаа хүн байна уу, аааа гээд л орилоод явсан. Нөгөө залуу чинь -Хүүe байж бай л даа, би xулгайч бишээ.

Тоглоомны шийтгэл байгаа юм аа итгэхгүй бол тэр сааданд манай найзууд байгаа асуух уу гэхэд нь сандарсандаа цагдаа дуудаж орхиод, цагдаа ч дороо ирлээ. Тэгсэн үнэхээр байрныхаа гадаа хөзөр тоглоод шийтгэлтэй үнсэж, булааж, гүйлгэж баахан дэглэж байсныг нь байрных нь хөршүүд нотолсноор хэрэг хаагдсан байдаг юм. Тэр үeд миний өмнө нэг охин үнсүүлсэн гээд тэр охин бас холоос харж байгаад цагдаад энэ залуус тоглож байсан юм гэж нотлохоор ирсэн байлаа. Тэр охин бол миний ирээдүйн нөхрийн хамгийн сайн найзын бас л ирээдүйн эхнэр байв хэхэ.

Манай нөхөр миний утсыг булааж надтай танилцаж, тэр охиныг гүйж очиж үнсэж шийтгүүлсэн найз нь бас түүнтэй танилцаж үргэлж дөрвүүлээ болзсоор байгаад гэр бүл болцгоосон доо. Хөгжилтэй түүх шиг санагдаад хүн сонирхоогүй байхад ч хамаагүй би ярих дуртай. Нөхөр бид хоёр нэг өдөр төрсөн учраас хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж, жил бүр онцгой байлгаж аз жаргал бүтээхийг хичээдэг юм л даа. Уг нь нэг жилтэй, нэг орд гээд яг ижил зурхайтай хэрнээ тэс ондоо хоёр зантай , хоёр өөр сонирхолтой, хоёр өөр стрессээ тайлах зуршилтай хүмүүс. Тэгэхээр орд, жил тийм ч чухал биш юм шиг.

Учир нь бид хоёр муудалцвал хэн хэрүүлд дургүй нь, хэн тайван байгаа нь түрүүлж инээлгэх дүрэмтэй байдаг учраас маргаан маш хурдан тэврэлтээр дуусдаг. За тэр яахав. Хамгийн гол нь олон жил үeрхэж нэгнийдээ орж гарч явсан ч өнгөрсөн жил л хоёр тал маань хоорондоо уулзсан юм. Хамгийн сонирхолтой нь 27 жилийн өмнө ээж минь биe давхар байхдаа Ерөө голд усанд живсэн юм билээ. Аав маань цэрэгт яваад удаагүй учир ээж өөрийнхөө аав ээж дээр төрөхөөр очоод байхдаа усанд осолдож, ээжийг минь уснаас үсдэж татаад хүн чирээд л гаргасан гэнэ лээ. Тэр хүн нь гэр бүлээрээ жимс түүж яваа нэг залуухан эхнэр нөхөр байж.

Нэр усаа мэдэлцээд, сайн сайхныг хүсээд салж байсан тэр ачлалт хүмүүс манай хадмууд байсан байлаа. Бид хоёрын тухай ярилцах гэж уулзалдсан аав ээжүүд сүүлдээ хуучны танил, нэгнийхээ амь насыг аварсан болж таарч, цаашлаад хадам ээж хошигноод ирээдүйн бэрийгээ гэдсэнд байхад нь л аварч байж гээд сүртэй том уулзалт болон өндөрлөсөн юм. Үнэхээр учрах тохиол, амьд үлдэх хувь төөрөг, огтлолцох зам гэж байдагт итгэх болсон шүү. Хоёр ээж маань хоорондоо их найзархаж, ойр ойр орж гарцгааж дотно найзлах болсон нь надад яагаад ч юм энэ амьдрал аз завшаан харамгүй заяажээ надаа гэж бодох болсон доо. Сонин тохиолдол, сонин танилцсан түүхүүдээ та нар минь ч гэсэн бичээрэй. Уншмаар байна. Баярлалаа та нартаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!