“АМЬДРАЛЫН ӨНГӨ” ӨГҮҮЛЛЭГ
“АМЬДРАЛЫН ӨНГӨ” ӨГҮҮЛЛЭГ
Arolob
Цолмон арай гэж сэрлээ. Нутагтаа байсан бол шавайгаа ханатал унтах байсан даа гэж бодохоор сэтгэл нэг тиймхэн. За байз, өнөөдөр эхнэрт хэдэн төгрөг явуулах хэрэгтэй гэж бодмогц л нөгөө их хүрээд байсан нойр нь гэнэтхэн хулжин одов. Цолмонгийн ажилладаг үйлдвэр ёстой л нөгөө “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг шиг орос, монгол, непал, энэтхэг гээд өнгө өнгийн хүмүүс ажилладаг билээ. Анх ажилд орохоор ирэхэд үйлдвэрийн ажилчид энэ хээнцэр залуу хаанаас гараад ирэв ээ гэх шиг л сонжин харж байсансан. Нутагтаа байсан бол ингэж хар өглөөгүүр 7 цагт ажилд ирэхгүй дээ гэж бодсоор Цолмон уур савсуулан жинсэн өмдийг индүүдэж гарлаа. Эхнэр нь Цолмонгийн хувцсыг өчүүхэн ч нугалаагүй болтол илэх нь холгүй ингэж индүүддэгийг санан гэнэтхэн Сайхнаагаа өрөвдөх сэтгэл төрлөө… Цолмон үйлдвэртээ залуухан, бас дажгүй бие хаатай, царайлагт ордог болохоор орос хүүхнүүд түүнд сайн. Байс хийгээд л “Цолмоон, кофе уух уу” гээд цэнхэр нүдээ эргэлдүүлсээр хүрээд ирнэ. Түүнийг ийнхүү хүүхнүүдээр хүрээлүүлэхэд халтаруудын атаархан шулганах нь байнга шахуу л давтагдах болжээ. Ажилд орсон эхний 10-аад хоног Цолмон ёстой л үгээ хэлж байлаа, түүний бүх бие булран өвдөж хөдлөхийн аргагүй янгинавч, ард үлдсэн эхнэр хүүхдүүд нь нүдэнд харагдаж, өөрийн эрхгүй шүд зуун ажлаа хийсээр байлаа. Өглөө 9 гэж ажилдаа очоод 5 гээд тарчихдаг, бас дундуур нь цайны цаг гээд 2-3 цаг хийдүүлж сурсан түүнд өдрийн 10 гаруй цаг биеийн хүчний ажил хийнэ гэдэг амаргүй даваа байлаа. Хүн зовлон даадаг хойно одоо харин хаа нэг тохиох 2, 3 хоногийн амралтын дараа нухлуулж гүйцсэн бие нь нөгөөх хүнд хүчир хөдөлмөрөө нэхэн янгинадаг болжээ.
Цолмон уг нь төсвийн байгууллагад ажилладаг, ажил дээрээ гайгүй нэр хүндтэй, өсөх ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж байлаа. Оюутан байхдаа доод курсынхээ жижигхэн цагаан охинд дурлаж, араас нь гүйсээр авч суусан нь түүний хань Сайхнаа. Сайхнаа үнэхээр нэрэндээ тохирсон сайхан бүсгүй байжээ. Цолмон эхнэрээрээ бахархдаг, бас заримдаа хардаж, ганц хоёр залуутай эр хүн шиг үзэлцсэн удаа ч бий. Сайхнааг сургуулиа төгсмөгц тэр хоёр хамтран амьдрахаар шийдлээ. Өглөө хайртай хүнийхээ өврөөс босож, орой түүн рүүгээ яарсаар өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд тэд хүү охин хоёртой болсон байв. Цолмон, Сайхнаа хоёр хоёулаа хөдөөнийх болохоор Улаанбаатарт тэдний хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь байр байлаа. Залуу хосууд айлын байр хөлслөн 5 жил амьдарчээ. Цолмон өрхийн тэргүүний хувьд энэ бүхнийг зохицуулах, ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэйг мэдэрсээр өнөөг хүрсэн ч түүнд ёстой л бодохоос хэтрэхгүй мөрөөдөл байлаа. Тэр ажлынхандаа хэлэлгүйгээр гадагшаа явах нүх сүв хайж эхлэв. Залуу байгаа дээрээ жаахан боловсрол эзэмшмээр байна гэсэн үг цухуйлган дарга цэрэг нартаа хандсаны хүчинд Солонгост мэргэжил дээшлүүлэх гэнэтийн боломж олджээ. 3 сар суралцаад ирэх энэ боломжийг ашиглан Солонгост хараар үлдэхээр шийдэж, харин Сайхнаад энэ мэдээ ёстой л аянга цахиж байгаа мэт гэнэтийн зүйл болжээ. Нөхрийгөө явуулмааргүй байвч, учраа мэдэхгүй инээж хөхрөх хоёр хүүхдээ хараад аргагүйн эрхэнд хувь заяатайгаа эвлэрэхээс өөр арга байсангүй. Сайхнаа Цолмонг удаан хугацаагаар явна гэж бодохоос л харамлах сэтгэл төрөн өглөө ажилдаа явалгүй эрхэлж, түүнийхээ анхаарлыг татах гэж оролдож, харин эхнэрээ ийнхүү аяглах бүрт Цолмонгийн зүрх урагдах шиг болж байлаа…
Цолмон Солонгост ирээд 3 сар болжээ. Сөүлээс метрогоор 2 цаг орчим явж ирдэг энэ жинсний үйлдвэрт азаар 3 монгол ажилладаг байлаа. Хундага гэдэг намхан бор залуу Солонгост 10 гаруй жил амьдарч байгаа болохоор хэл гэж ус цас. Харин нөгөө хоёр нь эндхийн хэлдэгээр “ээнүүд”. Ажлаа дуусмагц нүүр гараа хам хум угаачихаад л Хундага, Цолмон хоёр монгол эзэгтэйн гарын хоолыг битүүхэн горьдож, тэдний гэрт оройг өнгөрөөн аяндаа л монголд байгаа аав ээж, амраг хань, үр хүүхдийн сэдвээр ярилцах нь гэм биш зан болсон байв. Тунгалаг, Оргил хоёр хамт амьдраад 2 жил орчим болж байгаа ч Монголд гэрийнхэн нь тэднийг ийнхүү “хоёрдогч” амьдралаар амьдарч байгааг нь огт мэдэхгүй бөлгөө. Хэн хэн нь гэр бүлдээ хайртай ч хүний нутагт аргагүйн эрхэнд хамт амьдрах болсноо учирласан нь нээрээ л үнэний ортой байлаа. Тунгалагийг анх энэ үйлдвэрт ирэхэд бие хаа сайтай эрүүл чийрэг монгол бүсгүйг шохоорхох эрчүүд бишгүй л байсан гэнэ. Хэл ус мэдэхгүй, харж хандах хүнгүй болохоор түүнийг ашиглах гэсэн өчүүхэн бодолтонгууд гэрийнх нь ойролцоо отож, шөнө орой айлгаж ичээж хэрдээ л хөөрхөн зовлон болно. Харин Оргил энэ бүхнийг хөндлөнгөөс харж байхдаа Тунгалагийг аальгүй дамшиг байх нь гэж дүгнэж байсан ч хэсэг хугацааны дараа эмэгтэй хүн гэдэг харж хандах, түших тулах хүнгүй л бол амьдралд хүч мөхөсддөг болохыг мэдэрч, басхүү Тунгалагийн ухаалаг, ажилч хичээнгүй занд татагдан нэг л мэдэхэд хамтран амьдрагчид болцгоожээ. Хоёр талд хоол хүнс цуглуулдаг байснаа больж, нэг өрөөнд нэг тогооноос хооллох болов. Энэ нь мөнгө цуглуулахаар хүний нутгийг зорин ирсэн тэдэнд хэмнэлттэй, эр нөхөр, гэргийгээ санан гиеүрч хагсрах сэтгэлд ч нэг бодлын хэрэгтэй шийдэл байсныг тэд өнгөрсөн хойно нь дүгнэсэн билээ. Тэд хамт амьдардаг ч авсан цалингаа тус тусдаа зарцуулна.
Тунгалаг нөхөр, хүүхэддээ, Оргил эхнэр хүүхэд рүүгээ сар тутам тогтсон төлбөрөө илгээн өөрсөддөө цөөхөн хэдхэн вон үлдээн, хоёр талаасаа хамжиж дэмнэн дараагийн цалинд хүрцгээнэ. Нутгаас нь тэдэн рүү утасдаж “шаналгах” хүмүүс олон байдаг бололтой. Эхнэрээсээ нууж дүүдээ хэдэн төгрөг явуулсан тухайгаа Оргил Тунгалагт нуулгүй ярих нь бас л түүнд дассаных биз. Тэд Монголд очсон хойноо өөр өөрсдийнхөө амьдралаар амьдарч, бие биенээ танихгүй хүн шиг явцгаана гэж ярих нь нэгэн бодлын өрөвдмөөр ч юм шиг. Харин Хундага тэр хоёрыг бодвол шал өөр. Хаа нэг Түндэмүн орохоороо ганц хоёр хүүхэнтэй уулзаж, хямдавтар буудалд хоноглочихно. Хэл ус сайтай, царай зүс дажгүй болохоор хүүхнүүд түүнд сайн гэж жигтэйхэн, тэр ч бүү хэл Хундагийг зарим нь хувцаслаж, хооллоод бас цайны хэдэн төгрөг өгөөд явуулдаг гэж байгаа. Хайртай бол хартай гэдэг зарчмыг Хундага баримталдаг нь Цолмонд эхэндээ хөгжилтэй санагдаж байсан ч сүүлдээ өөрөө бараг л араас нь орж магадгүй санагддаг болжээ. Цолмон эхнэрийгээ энд байгаа эрчүүдийн хэлээд байгаа шиг биш гэдгийг мэдэвч нэг л мэдэхэд хаа нэг гэнэтийн шалгалт хийж, шөнө орой болсон хойно гар утас руу нь биш бүр заавал гэрийнхээ утас руу залгаж ярьдаг болж байлаа. Нас чацуу хоёр найз нэг амралтын өдөр төв орж монголчуудын цуглардаг “Зоогийн газар”-т хуушуур, сүүтэй цай аван хоёр хоёр лааз пиво ууж суухдаа Хундага сэтгэлдээ хадгалж явдаг зовлонгоо Цолмонд уудалсан юм. “Муу найз нь хүүгээ сургуульд ордог жил наашаа гарч байлаа. Одоо том эр болсоон, дараа жил иргэний үнэмлэх гардах гэж байдаг. Сүүлийн үед шөнө оройтож ирдэг, хатуухан үг хэлэхээр уурладаг болсон сураг гараад сэтгэл тиймэрхүү байна даа. Эндээс мөнгө явуулж, эхнэр маань хүүдээ аль өнгөтэй өөдтэйг өмсүүлж, амттай сайхныг өгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг байна. Найз нь ганц хоёр жилээс харина аа, тэр үед хүүдээ үг хэлэхэд “Та ямар надад хэрэгтэй үед хажууд байсан биш” гэж хэлбэл яана даа гэж бодох боллоо.
Намайг дуурайсан юм болохоор хүүгээс маань иймэрхүү үг гарах ч энүүхэнд байх шүү” гэсэн нь Цолмонд сонин бодол төрүүлжээ. Нээрээ л шилжилтийн насанд хүүхдийн зан авир хэцүү гэж дотроо бодоод хэрэв өөрт нь ийм зүйл тулгарвал хүүдээ буруу өгөх үү, өөртөө буруу өгөх үү гэдгээ хэлж мэдэхгүй байлаа. Тэд ийн суусаар цаг оройтож, хүнд ажилд нухлагдаж буларсан бие махбодь тамхины утаа, пивоны аагинд амархан халцгаажээ. Хажуугийн ширээнд суух 4 залуугийн дуу чангарч цэц булаалдаж эхэлцгээв. Нэг нь гэр рүүгээ залгасан бололтой “Чи намайг төмөр биетэй гэж бодоо юу? Миний чамд явуулсан мөнгө хааччихаа вэ? Би чамд сар болгон 700 доллар явуулж байна, миний тооцоогоор хадгаламжинд 8 сая төгрөг дор хаяж байх ёстой. Арай ч дээ. Чамтай ярих ч хүсэл алга” гэсээр утсаа тасхийтэл хаах сонсогдоно. Сэтгэлээр унасан тэр залууг хажуудах нь аргадаж “Чиний явуулсан мөнгөөр хүүхдүүдийг чинь хооллож, хувцасласан болохоос өөртөө наасан юм юу ч алга гэж байгаа биз. Тэгдэг юмаа. Ах нь 2 өрөө байраа зараад энд ирсэн. 5 жил төмрийн хогон дунд уушигаа цоортол хор амьсгалж биегүй болчихоод маргааш буцах гэж байна. Хуруу хумсаа хуйхлаж 5 жил хураасан мөнгөөрөө Улаанбаатарт эргээд л 2 өрөө байраа авч хүчрэх нь үү, үгүй юу мэдэхгүй л байна шүү” гэж үглэнэ. Энд байгаа залуус хэрдээ л үнэтэй хувцас хунар өмсөж, инээж хөхрөөд сайхан байгаа ч бүгдийнх нь нүд нэг л цоггүй болчихсон мэт Цолмонд санагдаж байв… Өдөр хоног урсан одож, хоол унд, байр сав гээд бүх зүйлс бэлэн боловч Цолмонд энд нэг л идээшихгүй байлаа. Хаа нэг цас оровч эхнэрийнх нь жижигхэн алган дээр хайлж, чийг үнэртүүлэн хамар мялаах “нутгийн” цаснаас нь шал өөр ажээ. Гэрээс автобусны буудал хүртэл 5 минут хүрэхгүй газарт яаран алхахад чих часхийлгэн зүггүйтэх “хүйтэн салхи” хүртэл эндхийн зугуухан мөртлөө голд ортол жихүүцүүлэх “зөөлөн” жавраас хавьгүй сайхан санагдана. Үйлдвэрийн тогооч авгайн хөлсөө дуслуулан чанах далайн байцааны үнэр, нус шүлсээ гуд хийлгэн агшаасан будааг хар устай холин идэх солонгосууд, цалингаа авч чадахгүй мөртлөө нахилзан үйлчлэх төлөгүүдийг харахаар өөрийнхөө ингэж яваад хааяа гутармаар болж, цээж өөд нэг гашуун зүйл огшихыг Цолмон хэд хэдэн удаа залгин өнгөрөөж байгаа билээ.
Өөрөө дурлаж, зорьж ирсэн хүнд энэ зэргийн зүйл юу ч биш гэдгийг тэр ойлгож байлаа. “Эр хүн зорьсондоо” гэсээр Цолмон ажилдаа ханцуй шамлан оров. Ийнхүү өдөржингөө гэгэлзсэн тэрээр орой ажлаа тармагц гэр рүүгээ залгалаа. Хүү нь утас авч “Ааваа, ашгүй, та ярилаа. Ээж эмнэлэгт хэвтсээн. Зөндөө олон хоног ханиалгаад л яваад байсан чинь хатгаа нь хүндэрсэн байна гэсэн. Дүү бид хоёр одоо өвөө, эмээ хоёртой байна” гэхэд зүрх нь зүсэгдэх шиг боллоо. Арайхийн хүүтэйгээ, бас ээжтэйгээ ярьчихаад бодол болон хувцсаа ч тайлалгүй бүхлээрээ хэвтэж, нэг л мэдэхэд өглөө болгов… Цолмон гэртээ харихаар онгоцонд сууж байгаадаа яагаад ч юм итгэж ядан байлаа. Тэр хайртай ханьдаа, хоёр бүлтгэр үрдээ, цайныхаа дээжийг өргөн хүлээх аав, ээждээ очихоор дэндүү яарчээ. Онгоцонд өнгөрөөх гурван цаг гэдэг түүний Солонгост өнгөрүүлсэн гурван сараас ч илүү урт санагдаж байв. Түүнийг гэнэтийн шийдвэр гаргаж харих болсноо хэлэхэд богино хугацаанд сайн найз болсон Хундагынх нь хэлсэн үг л түүнд бодогдож байлаа. “Найз нь цөөхөн хэдэн юм хурааж орох орон, унах унаатай болсон ч манай гэр бүлд урьдны халуун дулаан уур амьсгал хэзээ ч бүрдэхгүй гэдгийг ойлгосоон. Гэр бүлийн халуун хайрыг мөнгө, эд хөрөнгө хэзээ ч орлохгүй гэдгийг хожимдохоосоо өмнө ухаарсанд найз нь чиний өмнөөс баярлаж байна. Солонгост ажиллаад “баяжсан” хүн гэж би лав сонсоогүй. Харин ч залуу нас, гэр бүл, итгэл сэтгэл, эрүүл мэндээ энд үлдээгээд явдаг болохоор хамгийн үнэтэй бүхнээ алдахаас өмнө “ухаарсан” чамд найз нь баярлаж байна. Эр хүний замын хүзүү урт. Найз нь хэзээ нэгэн цагт нутагтаа очино. Тэгээд чамтай уулзана аа. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй”. Ингэж хэлээд доголон нулимстай үлдсэн Хундагын төрх нүдэнд нь харагдсаар байв. Онгоц алгуурхан доошилсоор. Сайхнаа онгоцны буудал дээр хүлээж байгаа гэхээс Цолмонгийн зүрх тийм гэхийн аргагүй нялхарч байлаа… “Цай Уух Зуур” Бүлгэм