“АМЬДРАЛД ШУНАЖ Л АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС
“АМЬДРАЛД ШУНАЖ Л АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Би өөртөө тохиолдсон надад мэдрэгдсэн өөрчлөлтүүдийн тухай энд бичих гэсэн юм. 2016 оны 3 сард хамгийн анх дэлхий eртөнцөөс тасарсан мэт мэдрэмж авч үзсэнээр энэ бүхэн эхэлсэн юм. Нөхөр Солонгос улсруу богино хугацаанд ажиллахаар яваад хэдхэн хонож байлаа. Охин бид хоёр өдрийн турш гэртээ. Охиноо төрсөний дараа за одоо турна шүү гэж өөртөө хэлж байсан гэтэл охин маань хэдийн 1 ой өнгөрсөн байхад би за одоо гэж бодсон жин дээрээ л байж байлаа. Бас гангалах дуртай. Хэрэндээ өөртөө хувцас авна. Үнэртэн авна. Өөрийгөө тордно. Гэсэн ч хүссэн хувцасаа биш зүгээр өөрийгөө сатааруулах гэж өөрийнхөө санааг амраах гэж хувцас авдагаа дараа нь ойлгосон л доо. Хүссэн жиндээ хүртэлээ үзэн ядаж байгаа өөх илүүдэл жиндээ бүү хувцас авч өг гэмээр. 3 сард төрсөн өдөр минь болдог. Харин төрсөн өдрөөр мэнд хүргээд үнэхээр надтай хамт цагийг өнгөрөөхөөр ирэх найз байдаггүй юм байна гэдгийг мэдэрсэн юм. Facebook бол зүгээр л хамгийн боловсон цагны xулгайч.
Тэнд 100 хүн надад баяр хүргэж хайртай шүү үнсьe гэж бичжээ. Гэвч цаг дээрээ төрсөн өдрөөрөө би цор ганцаараа номингоос өөртөө торт аваад охинтойгоо орой нь зурагт үзэж өнгөрөөсөн. Найзгүй болжээ гэдгээ тэгж мэдсэн юм. Интернет тасарвал бүгд алга болох юм байна. Миний утас дуугарна. Нөхөр залгана. Ээж залгана. Дүү залгана. Өөр хэн ч залгахгүй. Энэ бол найзгүй болсоны хамгийн том жишээ. Өглөө сэрээд үсээ дээрээ боогоод охиноо хооллоод өөрийгөө хооллоод нөхөрлүүгээ бичлэг явуулчаад зурагтаа нэг аятайхан суваг дээр тааруулан орхиод гэрээ цэвэрлэнэ. Дуусах үeд дараагийн хоолны ээлж. Хоолны ээлж дуусах үeд охин минь унтаж би хажууд нь хэвтэнгээ утсаа ухна. Бас болоогүй хажуугаар нь хувцасаа угаана. Тэгж байхдаа оройн хоолны махаа гаргана. Энэ хугацаанд толинд хардагч юм уу үгүй юм уу бүү мэд. Ямар ч байсан ажилдаа ортолоо энэ маягаар амьдрана гэдгээ сайн мэддэг гомдол мэдүүлдэггүй сайн эхнэр байв. Дотроо бол хүссэн жингээ үргэлж мөрөөдөөстэй. За яахав болноо. Удахгүй турна.
Тэгсэн за яахвээ гэж бодсоор 12 сар хүртэл яг энэ хэмнэлээр. Хавар зун өвөл. Би яг хэвээрээ. Гадуур нийгэмд юу болж байгааг яаж байгааг утсаараа авч байна нийгэмтэй харьцаж байна гэж боддог байлаа. 2016 оны 12 сард энэ групптээ нэгдлээ. Тэр үeд нэг шөнө хэвтэж байгаад л бүх захиаг уншиж байлаа. Цөөхөн ч захиатай байсан. Тэгээд өглөө нь сэрэхдээ нэг л ондоо мэдрэмжтэй болж сэрлээ. Дурламаар ч юм шиг, аяламаар ч юм шиг, хүнд тусламаар ч юм шиг, хуучны найзуудаа олж уулзмаар ч юм шиг. Ямар ч байсан эeрэг амьдрах амьдралдаа нэг л өөр алхам хийх ёстой гэж бодож сэрлээ. Ккк гэхдээ бодож сэрсэнээс цаашгүй. Дахиад л бодоостой. Хийхгүй ч бодоол яваад байлаа. Тэгж яваад нэг шөнө нөхөртөө нэг захиаг грүппээс уншиж өгч байхдаа би гэнэт ухаан орсон мэт болж орхисон юм. 2017 оны 2 сард. Маргааш нь миний бяцхан шинэ амьдрал эхэллээ. Залуу гэр бүл учраас цагаан сар бидэнд нөлөөлөхгүй учраас би амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. Би өглөө 11 цагаас 11.30 хүртэл яг 30 минут л гэдэсний таталт хийж өглөөнөөс орой болтол 3 литр устай найзаллаа.
Fit mongolia гээд гайхалтай группт нэгдэж орсоноор 108 мөргөхийн ид шидийг ойлгож мөргөж эхэллээ. Учраа мэдэхгүй охин минь бас дагаастай ккк. Нэг ч чихэртэй цай кофе ундаагүй 4 сар, огт давсгүй хоолтой 2 сар, 108 мөргөлтэй 4 сар болоход би 29 кг хасаж чадав. Гайхалтай. Гэхдээ энэ хугацаанд шийдсэн царай, зоримог алхмаас илүү татгалзаж чадсан хэрэггүй олон зүйлсийг хаясан тэр шийдлүүд их нөлөөлсөн байх гэж боддог юм. Гэртээ суудаг ээжүүд олон хэрэггүй группт цагаа үрэхийн хэрэг үнэхээр байхгүй юм билээ. Тэнд нэг хов жив, энд нэг хүн муулж түгээж байгаа өнөөх л шар мэдээтэй би ч бас найзлаад цагаа үрэн суусан бол өөртөө дасгал хийх 30 минутыг утсаа ухан хэвтэх байсан. 30 минут маш хурдан өнгөрдөг. Үнэхээр амархан. Юунаас үүдсэн таргалалттай гэдгээ эхлээд өөрийгөө сайн дүгнээд үзэх хэрэгтэй юм билээ. Би бол төрсөний дараах хөдөлгөөнгүй сууж идсэнийх. Бас нойргүүдлийх. Бас амттаных байжээ. Хана түшиж далан дээрээ зогсоод хөлөө дээш гозойлгоод 10 минут ханаа налаад далан дээрээ зогсоод үз.
Чиний гэдсэнд байгаа хий, савны хий, голын хий хээв нэг баяртай гээд цувралдаад пүр пор пүр гээд гараад явна. Аягүй санаа зовмоор юм билээ шүү. Нөхрийнхөө дэргэд хийж болохгүй. Ганцаараа байхдаа. Би туршлагагүйтсэн. Далан дээрээ зогсоод л хэсэг байж байтал пүр пор прррр порррр гээдл нөхөр зурагт үзэж суугаад удирдлагаараа дууг нь хаагаад крант яагаад байнаа ус тасраад байгаа юм байхдаа гэж билээ. Тэгээд би крантруу буруугаа чихсээн. За тэр яахав. Өдөр бүр нэг хэвийн ажил хийсээр л байх уу. Өдөр бүр шөнө нь унтахаар хэвтэхдээ за маргааш л гэж бодсоор хэвтэх үү. Өөртөө ингэж л хэл. Энэ дээр турсан түүх гэхээсээ амьдралыг харах өнцөг нүд минь их өөрчлөгдсөн гэх үү дээ. Олон ангит кино үздэг эмэгтэйчүүд идэх дуршилтай болсоноо анзаардгүй юм билээ. Яг киногоо үзээд идээд суухад хоол ч дууссан байна кино ч дууссан байна. Кино үзэх шиг хамгийн хэрэггүй 1 цаг 30 минут гэж байхгүй. Оройн киног алгасаж сурсанаар оройн хоолноос татгалзаж сурдаг.
Нэг япон хүнээс сонсч байлаа. Залхуугаа давмаар байвал дасгал хийх ухаанаа олохгүй бол хоёр атга будаа байхад болно гэж. Хоёр атга будаагаа шууд гэртээ цац. Тэгээд нэг ширхэг бүрийг тонгойж түү. Нэгийг түүгээд өндийж босоод дахин тонгойж нэг ширхэгийг. Чи бүгдийг нь ширхэгчлэн түүж дуусахад чи маш их хөлс урсгаж зөв хөдөлсөн байх болно. Үр дүнд шуналтаж тэвчээртэй болсон байх болно. Дасгал хийснээс дутахгүй өөх шатаасан байх болно гэж. Хоббигоо мэргэжил болгосон хүн илүү амжилттай аз жаргалтай явдаг гэдэг үнэн юм билээ. Амьдралд санаа зовох шаналах инээх уйлах хөгжилдөх бүх л өнгө байх ёстой байдаг гэтэл чи нэг л өнгөөр дагнаад байвал солонго чамайг мартаад холуур тойрох болно. Харин өнөөдөр би Сэлэнгэ аймгийн Сайхны хөтөл гэдэг сайхан газраас гэр бүлтэйгээ аялаад ирчихсэн амжуулаад 108 мөргөчихсөн, дэлхийгээр аялагчдын группээсээ дараагийн аялалын санаагаа бодоод олчихсон томхон майхангийн тухай бодоод хэвтэнгээ группийнээ захидлыг уншаад байж байна. Нэг тийм нүд нээгдэх гэж зүйл байдаг юм байна. Миний сонголт хүүхдээ хараад удирдлага тэврээд утас маажиж бухимдах биш би мэдээ ч үзэх завгүй хөдөлгөөнтэй амьдралд шунаж амьдрах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Та нар маань ч бас ….