“АЛТ” ӨГҮҮЛЛЭГ

Ертөнцийн нэгэн өглөө эхэлдгээрээ эхэллээ. Тэр тусмаа их хотын өглөө гэдэг ёстой л нөгөө хөлтөй нь хөлхөж хөлгүй нь мөлхөнө гэгчээр хэдэн саяар тоологдох хүн зоны хийгээд, хэдэн мянгаар тоологдох машин тэрэгний урсгал түүнээс гарах дуу чимээ нь их мөрний урсгал мэт сүртэй агаад хөрст дэлхий тэр аяараа хөвсөлзөн хөдөлж байх мэт ажээ. Энэ их хотын нэгээхэн буланд нэгэн залуу машинтайгаа явна. Нэрийг нь Боргил гэх. Боргил энэ улсын энэ хотод ирээд нилээд хэдэн жилийн нүүрийг үзжээ. Түүний царайг харахад сэтгэл санаа нь тогтуун, цаанаа нэг цээж тэнүүн яваа нь илт. Тэрээр яг энэ өдрөөс гурван жилийн өмнөхийг бодож явлаа. Хүний амьдралд, түүнчлэн сэтгэн бодох хийгээд хувь хүний дотоод ертөнцөд юу эс тохиолдож юу эс бодогдох билээ. Түүний нэгэн адил Боргилийн дотор сүүлийн хэдэн өдөр хамаг л ухаан бодлыг нь эзэмдсэн нэгэн зүйл босон суун бодогдсоор байгаа билээ. Боргил хань ижилтэйгээ учирч, амьдрал зохиож, үр хүүхэд төрүүлж өсгөж хүний ёсноос гажууд зүйлгүйгээр амьдарч яваа залуу. Архи гэдэг идээг анх хэзээ хэн гаргасныг бүү мэд. Харин Боргил хааяа хааяахан энэ идээг залчихаад байдаг талтай. Эхэндээ архийг тийм ч дуртайгаар бус найз нөхдийн шахалтаар ганц нэг хундага явуулдаг байсан авч сүүл сүүл рүүгээ нилээн дурлах маягтай. Найз нөхөд нь ч унаа тасраа холтой гэх мэтээр хөөргөхийг хэлэх үү. Нутагтаа байхдаа шалтаг л гарвал залчих гээд байх болсноо гадарладаг байлаа. Тэгээд энд ирээд энэ нийгмийн амьдралын хүрдэнд орж нэг их уухаа болчихсон юм. Болих ч юу байхав дээ тийм цаг зав гарахгүй тул тэр л дээ. Мань эр ч бараг энэ идээнээс гарчихсан мэт ярих. Гэхдээ хаа нэг баяр ёслол, найз нөхөд ирэхээр шалтаглан уух явдал гарвал ер буцахгүй. Эхнэр нь ч гэсэн урд нь уудаг байсантай нь харьцуулж Ажил ажил гээд нэг их уух биш ганц өдөр уувал ч ууг дээ гэсэн янзтай хандана. Уухгүй байж байгаад уухаараа ёстой нэг хүсэн хүлээсэнтэйгээ уулзаж учирсан мэт сэтгэл нь хөвсөлзөөд, инээд алдаад л , чанга чанга яриад л юу гэмээр юм нэг тийм жаргалтай амьтан болж хувирна. Тэр ч байтугай эхний хундага хоолойгоор нь гулган орохдоо чихэр ч амтагдах шиг санагддаг байлаа. Харин тэгээд нэг уухаараа шуналтахыг нь яана. Хундагатайгаа ууж байхдаа шилний ёроолыг харж л байх жишээтэй.

Сархад лонхноосоо бусдыг хувиргах увидастай. Боргил өөрөө лонх биш учраас мөн л хувирч өөрчлөгдөнө. Учиргүй нэг их агсам согтуу тавиад байхгүй ч шууд бас унтаад өгөхгүй ийш тийш явна, хүнтэй уулзана гэх, хэрвээ чадахгүй бол утас шөрмөсөөр мэдэх болгонтойгоо элдэв долоон юм ярих гэнэ. Мэдээж согтуу юм чинь ямар л олигтой юм ярив гэждээ. Тэгээд л нэр хүнд нь унаж эхлэнэ. Энэ бүгдийгээ ухаарахгүй явжээ. Харин ч гэр бүлээрээ элэг бүтэн, ажил амьдралтай бүх юм болж л байгаа мэт санаддаг байлаа. Гэтэл цаг хугацаа урсан өнгөрч, цаг хугацаатай хамт хүмүүсийн сэтгэл санаа, амьдрал болон түүнийг үзэх үзэл, хүмүүсийн юманд хандах хандлага өөрчлөгдсөн хийгээд өөрөө цаг хугацааны нэгэн үед хамрагдаж тэр үе нь ухаажих төлөвшихийн хэмжээнд хүрсэн байх ёстой зэргийг даана ч анзаарахгүй явсаар дөч гарчихсан нь энэ юм. Одоо Боргил сүүлчийнхээ уултыг бодож сууна. Албан байгууллага нь салхинд гарч бүгд л тоглож наргиж, түүний дотор нөхөр ч баярладгаараа баярлаж, инээдгээрээ инээж, бусдыг хөгжөөдгөөрөө хөгжөөд л байсан санагдана. Нэг мэдэхэд өглөө болчихсон гэртээ сэрэх ажээ. Эхнэр нь уурладгаараа уурлаж, гомдодгоороо гомджээ. За даа нөгөө эрүүний шөлөө ч буцалгах нь дээ гэсэн шүү юм бодож суув. Уусныхаа маргааш Боргил дуугарна гэж үгүй. Дэмий л эхнэрийнхээ үглэхийг хэзээ дуусахыг хүлээж таг дуугай гөлөрчихнө. Тэр нь нэг их хэрүүл уруул гарахгүй сайн талтай. Эхнэрийн үглэлт дуусахын багцааг ерөнхийд нь дууных нь өнгөөр анадахгүй учир дуусах дөхөөд ирэхийн багцаанд Боргилын уучлалт гуйх хийгээд үнэн худал амлалт эхлэнэ дээ. Ингээд л дараагийн уулт хүртэл нэг хэсэг явна даа. Энд ажил ихтэй тул дараагийн уулт нилээн зайтай. Ер нь бараг л түрүүчийнх нь мартагдана хэмээн бодно. Энэ удаа бүх юм болдогоороо болоод л өнгөрөв. Өнөөдөр Боргил ажлаа хийгээд явж байгаа нь энэ. Өчигдөр эхнэрийнх нь олон үгэн дотор нэг үг сэтгэлийг нь эмзэглүүлнэ. Намайг байхгүй хойгуур чи унтаж өгөхгүй охиноо л нилээн зовоосон гэнэ гэсэн нь санаанаас гарахгүй өдрийг барав.
Бодвол охиноо унт гэхэд нь өндийж суучихаад байсан бололтой. Уг нь хүн харахад нэг их сүртэй юм биш л дээ.

Эрүүл явахад согтуу хүн тааралдах ямар зовлонтой билээ дээ. Нэг юмаа олон олон яриад, нус шүлсээ үсчүүлээд л, захиад байгаа нь, загнаад байгаа нь ч мэдэгдэхгүй, мөн төвөгтөй шүү. Өчигдөр орой аавынхаа өмнө миний муу охин ямархан хэцүү байсан бол. Нэг согтуу хүнийг унтуулчих гээд л, хувцас хунарыг нь тайлчих гээд л, бас тэр хүнд хар юмыг даахгүй, дийлэхгүй. Явж явж тэр согтуу нь төрсөн эцэг нь. Охиных нь хамгийн их хүндэтгэж хайрлаж явах ёстой хүн нь гээд бодохоор Боргилийн сэтгэл харанхуйлна. Муу охин минь энэ гэрээс гараад амьдралын зовлон жаргалыг бишгүй л амсана. Тэр тусмаа бүсгүй хүний зовлон эр хүнээс хэд дахин илүүг хэлэхүү. Охинд минь учирч болох олон зовлонгийн анхныхыг эцэг нь болох би учруулсан байх ёстой гэж үү. Иймэрхүү байх юм бол хэзээ хойно би охиноосоо энэрэл ачлал хэрхэн горьдох юм бэ. Охин маань одоо архи дарс, найр цэнгээн, аавынхаа сайн гэх нөгөө найзуудыг, магадгүй аавыгаа ч гэсэн үзэн ядаж байгаа юм билүү. Охиноороо дамжуулаад муу ханиа ч бодож үзлээ. Би ханьтайгаа учраад бараг хориод жилийн нүүрийг үзлээ. Олон ч удаа согтож, олон ч удаа амласан санагдана. Охиноороо төсөөлөөд бодоход муу ханиа олон ч удаа зовоож дээ. Хүний охин үрийг болно бүтнэ гэж авчирчихаад ингэж амьдрана гэж юу байсым бэ. Хэдийгээр зарим нэг хүнтэй адил уучихаараа баатар болоод дэвж шаваад, авч шидээд, хагалж хэмхлээд байхгүй ч эрүүл байхаасаа ямар л олиг байв гэж. Бодвол эхнэр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг хэмхчээд явсан байна даа. Тиймээ одоо л нэг эр хүн шиг амлачихъя байз. Би өөрийгөө архичин гэж боддоггүй ч амлах хэмжээнд очсон байна гэдэг чинь архичин л гэсэн үг. Юм бүхэн хэмжээтэй хязгаартай. Миний амьдрал ч гэсэн хугацаатай. Одоо бараг дөч гарчихлаа. Надад одоо хэдийхэн л хугацаа үлдээ аж. Үлдсэн хэдий хэр хугацаа байдгийм түүндээ хань, үр хүүхэд, бас өөрийгөө бодоод ингэж галзууртлаа уухаа болих хэрэгтэй юмаа хэмээн бодлоо хөврүүлнэ.

Тэр оройдоо хоол идэж суунгаа эхнэр охиндоо хандан за аав нь ёстой нэг амлая. Аав нь одоо ямар ч тохиолдол байсан гурван хундаганаас илүү уухгүй ээ гээд өдрийнхөө бодсон санасанаа сайхан ярих гэтэл эхнэр охиныхоо урдын адил үл итгэх царайг хараад цааш нь үргэлжлүүлж чадсангүй. Гэхдээ Боргил тэдэндээ гомдсонгүй. Угаасаа өөрөө тэднийгээ тийм болгочихсон юм чинь. Эхнэр нь л харин ханийнхаа сэтгэлийг боддогоороо бодож охиндоо  хандан Сонсов уу аав нь одоо гурван хундагнаас илүү уухгүй гэнэ шүү гэж итгэл муутайхан хэлсэн ч хүний л хань юм болохоор сэтгэлийнхээ гүнд горьдсон хэвээр байгааг Боргил анх удаа л мэдрээд авах шиг боллоо. Тэгээд за яахав аав нь энэ удаа хэлсэндээ хүрнээ хэмээн бодсон юм. Хүн гэж амьтан эд юмсыг үнэлж мэдсэн цагаасаа хойш алт гээчийг хайж, олж хагацаж салж мөн эргэж хайсаар иржээ. Харин хүн хүнээсээ, дотоод ертөнцөөсөө хэрхэн алтыг хайсан бол. Тэгвэл Боргил өөрөө өөрөөсөө, сэтгэл зүрхнээсээ тэр алтыг олох шиг болсым. Харин энэ алт нь жинхэнэ алт байх эсэхийг цаг хугацаа л харуулаг дээ. Тэр цагаас хойш гурван жил өнгөрчээ. Боргил үнэхээр хэлсэндээ хүрсийм. Ямар ч үед гурван хунадагнаас илүүг уунаа гэж үгүй. Эхний үед эхнэр хүүхэд нь ч битгий хэл өөрөө өөртөө ч итгэхгүй байлаа. Эхний хэдэн баяр ёслолууд нь түүнд том шалгалт бас шаналгаа болж байлаа. Өөрийнх нь архинд дурлах үндсэн чанар нь гозолзохыг хэлэх үү. Найз нөхөд нь үг хаяаад л, шахаж шаардаад л, тэнэг мангараар нь дуудаад л Чи ямар архичин биш тэгэж амлаад байхдаа яадгийм чамайг гурваас илүү уухгүй байхыг харнаа Нэртэйгээр нь бүр уухгүй гэчихгүй яасым Чоно махнаас гарав гэгч болох нь гээд л Гэвч Боргил тэвчсээр, хичээсээр байлаа. Зарим нэгтэй нь хэрэлдэж муудах ч билүү. Тэгэн тэгсээр одоо бүр гэр бүл хийгээд орчин тойрон нь гурваас илүү уудаггүйг мэддэг, итгэдэг болжээ. Зарим нэг нь атаархдаг уу, хорсдог уу бүр Гурван Боргио гэдэг хочтой ч болов. Уухгүй хүний ухаан нь эрүүл, үг нь саруул учир хэлж ярих нь утга учиртай бас үнэтэй байх ажээ. Орчин тойрных нь залуучууд Боргил ах гээд үгийг сонсох, хүндлэх аястай. Хамгийн гол нь ханийх нь аз жаргалтай байгаа нь үнэхээр сайхан. Угаас хүмүүний амьдралын аз жаргал хурааж хумьсанд биш зөвхөн бие биенийгээ зөвөөр ойлгох, бие биенийгээ хайрлах хийгээд томоос том итгэлцэл дээр байдаг бололтой. Тиймээ бид бие биенийгээ хайрлах гэж, хүндлэх гэж, үр хүүхдээ төрүүлэх гэж, тэднийгээ өндрөөс өндөрт өргөн ход ход хийн инээхийг нь сонсох гэж, хорвоогоос хамгийн сайн сайхныг хүсэх гэж, олох гэж, харах гэж, барих гэж, нүүр дүүрэн инээх гэж энэ хорвоод хамтдаан байдгийм. Энэ бүгдийгээ бодож суухдаа Боргил яагаад ч юм сайхан инээмсэглэж би ч чадсан шүү хэмээн бодно. Гэхдээ алтыг бас буцаагаад алдаж болдог гэдгийг бодохоо мартсангүй ээ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ

One thought on ““АЛТ” ӨГҮҮЛЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!