“АЙЛЫН ХҮҮХЭН” ӨГҮҮЛЛЭГ
“АЙЛЫН ХҮҮХЭН” ӨГҮҮЛЛЭГ
Г.СОЁЛГЭРЭЛ
Зуслангийн айлууд хэдийнэ төвхнөж дуусаад, зуны халууныг аагиж ядан өнгөрөөвч хөл хөөр ихтэй хотын амьдралаас хэсэг ч болов салж огоорсноо хүн бүр л ам уралдан хөөрч, их хотын чимээ, уур унтуу бухимдлаас ангид эрэмгий иртэйдээ зусланд тухлан суугаагаа энд зусаж амжаагүй ойрын нэгэндээ хэрэндээ саймшран ярьсаар л. Хажуугийн хашаанд өдөржин хөхрөлдөж шуугилдаж байсан багачуудын хөөртэй дуу хуур тэнгэрийн хаяа улаан торгоор эмжээрлүүлж, бүрэнхий болсон хойно ч намжих янзгүй цуурайтсаар. Анхандаа Зул энэ их чимээ шуугианыг сонсоод ихэд төвөгшөөж нөхөртөө -Ямар их дуу чимээтэй, навсайсан дорой айлтай хаяа залгаж таараа вэ. Энэ чимээнээс болж удахгүй ядаргаанд орох вий дээ хэмээн нүүрэндээ наасан маскныхаа цаанаас ярвайж ирээд л ундууцан хэлж байсан билээ. Гэтэл одоо энэ л дуу чимээ түүнд хань болсоор хэдийнэ хоёр сар болсон байв. Шөнө цочин сэрээд нойр хулжиж ганцаардахдаа энэ чимээ шуугиан, жаргалтай инээд хурдан хөгжихийг хүлээж ядна. Энэ л өнөр өтгөн, хүүхэд бужигнасан айлтай хаяа дэрлээгүй бол энэ тооломгүй олон өдрүүдийг яаж барах байснаа төсөөлөн айдаг болжээ. Хааяа шөнө хар дарж зүүдэлсэн үедээ тэднийд гүйгээд орчихмоор санагдана. Нөхөр нь уурхай ажиллуулж эхэлсэн тул хэдэн сараар гэрийн бараа харахаа больжээ. Уг нь хашааны үүдэндээ манаач суулгасан хэдий ч арваад өрөөтэй хоёр давхар том харшид элгээ тэврэн ганцаараа шөнийг барна гэдэг үгээр зүйрлэхэд хэцүү болж эхлэв.
Манаач гэдэг ямар гэрт хань болоод суух биш, гадна хонодог болохоор ярьдаг л болохоос нохойноос өөрцгүй санагдана. Энэ жил гучин нас хүрч төрсөн өдрөө энд ирэхээс өмнө найзуудын хүрээнд нижгэр тэмдэглэсэн юм. Зул уг нь хүүхэд гаргахыг сүүлийн хоёр жил ихэд хүсэж байгаа ч нөхөр нь эмэгтэй хүний галбир алдагдвал муухай, тусгүй хэмээн эрс хориглоно. Би модель биш, эхнэр хүн хэмээн хэдэнтээ ам мурийсан ч нөхөр нь”Хүүхэд гарган шалхайж гэрийн авгай болоод, намайг өөр хүүхэнд сэтгэл алдвал өөртөө л гомдоорой” хэмээн хэлжээ. Хэрэв жирийн эр хүн байсан бол үр удмаа үлдээхийг хүсэх, гэвч том бизнес эрхэлдэг баян хүн сайхан хүүхэн л тэвэрч хэвтэхийн мөрөөсөл болно доо хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж, өөр араншин, өөр сэтгэхүйг одоохондоо ялж чадаагүй байгаа юм. Эхэндээ хөрш айлынхаа хээ шаагүй, аазгар тарган шар хүүхнийг нэг нүдээрээ ч тоож хардаггүй байснаа сүүлийн хэд хоногт түүний жаргалтай инээдэнд атаархдаг болжээ. Нүүж ирсэн өдрөө нөхөртөө: -Энэ айлын соёлгүй, тарган шар авгай ямар чанга инээсэн, орилж хашгирч ярьсан, аламгай хүүхэн бэ. Ийм соёлгүй юмнуудыг харахаар ой гутах юм. Хоосон байж юундаа ингэж хөөрч гүйдэг байнаа. Ойлгомжгүй амьдралтай хүмүүс шүү гэж ирээд нөхөртөө уурыг нь хүргэн ярьсан юм санж. -Ярих юм мундсан юм шиг зиндаагүй юмнууудыг хэд ярьдаг юм бэ. Ядарсан айл тойроод л байж байна. Эднийг харж цаг нөхцөөх гэж байгаа хүн шиг л байх юм. Дахиж битгий хэрэггүй юм гоншигноод бай, доод зиндааны хүүхэн шиг гэжээ.
Гэтэл одоо юун зиндаа. Ганцаардсандаа айлынхаа хүүхэнтэй нөхөрлөж, аяга цай хуваан ууж, хууч дэлгэх бодол салахаа болив. Эртээр яасан, энэ хавийн тог тасраад ганцаараа тагтан дээрээ тог иртэл зогсоод, орой дээр нь тэнгэр тасхийн дуугарахад л сандран гэртээ оржээ. Өдөржин гиеүрч суудаг болохоор хөршийндөө тогтмол ирдэг ганц нэг найзуудыг нь ч нүдэлсэн байв. Одоо бараг харагдахаа больсон Зил-130 хэмээх ачааны машин унадаг, өндөр онгироо хар байна. Тэднийд ирээд орох бүртээ эдний цонх руу удаан ширтэн харна. Гарахдаа бас харна. Энэ байдлыг Зул хөшигний цаанаас хараад тэсэлгүй инээд алдана. Нэг удаа тэр залуугийн энэ үйлдлийг хараад “Аягүй хэрэгт дуртай” гэж шивнээд хүүхэд шиг хормойгоо дэврүүлэн эргэлдэж, чанга гэгч нь баясан инээсэн билээ. Гэвч энэ бүхнийг Зулын ажиглахаас өмнө хөршийнд ийм яриа өрнөсөн байж. Залуу орж ирээд: -Танай хажуугийн зураг шиг хүүхэн хөөрхий ганцаараа хэдэн сар болчихов оо. Ингэж хашигдаж байхаар миний кабинд суугаад хээр талаар давхиж, цэвэр агаар амьсгалж, надтай мар мар хийж хорвоогийн жаргалыг эдэлж явахгүй дээ гэж. Айлын эхнэр нөхрөө нудран -Үгүй яанаа тэр, эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг нь юм байх даа. Зүгээр ирэхгүй, айлын авгай оргуулах тухай бодож явдаг байна шүү хэмээн алга хавсран найгаж ирээд хөхрөхөд нөхөр нь: -За, чи ингэж байж манайхыг хэрэгт хийв дээ. Зураг шиг хүүхний эрэл сурал болгочихов хэмээн явуулан хэлтэл залуу үнэн голоосоо санаа алдан, тэр хоёрын шоолж хөхрөхийг ч үл тоон, сахлаа удаан гэгч бодлогошрон илж сууснаа:
-Яадаг юм, хэлээд үзнэ дээ, хүний сайхан охин зовж суугааг харж чадахгүй ээ гэхэд хүүхэн: -Хүүе, балай юм уу чи. Баян айлын авгай торгонд хөлбөрч, тосонд умбаж суугаа. Юун чиний хиртэй, хүйтэн кабиныг мөрөөдөх вэ. Хөдөөний хүүхнүүдийн тухай ярьж байгаа юм шиг. Тэд л чиний кабиныг мөрөөднө үү гэхээс. Чи энэ суугаа сууцыг нь ядаж харсан уу? Хэдэн саяынх юм шиг байна. Мань шиг нь хэлж үзээгүй тоо гарах байх шүү гэхэд залуу: -Хүн энэ хорвоод жаргах гэж төрдөг болохоос ямар хоригдох гэж төрдөг юмуу? Энэ бодвол хайраар дутаж яваа хүний бүсгүй үр байх шүү. Би сүүлийн үед хайрлаж өрөвдөөд байх боллоо. Хүн л юм чинь хэл яриа нийлэх байлгүй дээ гэжээ. Хэд хоногийн дараа Зул хөршийндөө сүү зардаг айл байгаа эсэхийг лавлахаар далим гарган орж ирлээ. Уг нь баян эзэгтэй манаачаа зарж болох хэдий ч хүний мөрөөсөл болж, тэсэлгүй орж ирсэн нь энэ байв. Гэвч санаандгүй жолооч залуу тэднийд сууж таарлаа. Айлын эхнэр мэнд мэдээд -Уг нь тийм айл ч ойрхон бий шүү. Гэхдээ манай энэ найз хөдөө гадаа явдаг болохоор сүү байтугай цагаан идээ дөхүүлээд өгч болох байх аа хэмээн залууг занган, сандарсандаа хүчтэй нудраад авлаа. Залуу чавга шиг улайсан хэдий ч гэнэт шийдэв бололтой баргил хоолойгоор -Завтай бол энэ ойрхон надтай цуг салхинд гарангаа сүү цагаа аваад ирэхгүй юу даа. Зун цаг юм чинь өдөр урт, бүрий болохоос өмнө ороод ирнэ дээ гэв. Айлын эхнэр цай хийж өгчихөөд -Танилц, энэ манай хүний сайн найз байгаа юм гэж хэлэнгээ эргээд Зулд исэр сандал дөхүүлж өгөх зуураа залууг нудраад авахаа мартсангүй. Залуу -Одгий хэмээгээд гараа сунган атгалаа. Зул тээнэгэлзэвч гэрт нь өөрийг нь хүлээх хүнгүй байгааг бодон -Болох юм уу? Тэгвэл би орчихоод ирье, тэгээд хөдлөх үү дээ гэлээ. Тэрээр гэртээ ороод удалгүй жижиг цүнхээ, нарны малгайтай аваад гарлаа.
Гэвч машиныг нь голонгүй харж, суух гэснээ -Ер нь миний машинаар явах уу? хэмээн хэлвэл Одгий -Зүгээр ээ, сууж үзээгүй машиндаа сууж үз л дээ. Би чамд өнөөдөр чиний үзээгүй бүхнийг үзүүлнээ гэхэд Зул юм хэлсэнгүй, машины хаалгыг зориг муутайхан татахад Одгий гараас нь дэмнэн өргөж суулгалаа. Тэд ойр зуурыг ярин давхисаар зулсан дээлийн хөвөн мэт битүү цэцэг үргэлжилсэн уудам талд зогслоо. Ийм сайхан нүд алдам шаргалтах цэцэгт хөндийг урьд нь хэзээ ч хараагүй байсан тул Зул малгайгаа даллан тэнгэр ширтэн гараа алдлан гүйлээ. Цэцгийн анхилам ялгуун сайхан үнэрийг цээж дүүрэн амьсгалж, хором ч гэлээ хорвоогийн зовлонг умартан ганцаараа байгаа мэт хэсэг эргэлдэн гүйв. Араасаа Одгийг гүйж буйг гэнэт хараад “Намайг бариарай” хэмээн цуурай татуулан хашгирлаа. Одгий ч юу ч бодож саналгүй зөвхөн бүсгүйн зүгт “Одоо л минийх болооч” хэмээн салхинд шивнэн шивнэн, гараа алдлан хойноос нь гүйлээ. Тэдний инээд цалгисан дуунд газар дэлхий ч баясан нялхрах ажгуу. Энэ баясал цэнгэл, жаргалтай эгшин хэр удаан үргэлжилснийг хэн ч анзаарсангүй. Одгий бүсгүйг гүйцэн бүсэлхийнээс нь тэврэн дороо эргэлдэн хэсэг эргүүлснээ газар буулгахад хоёулаа сая л амьсгаадан нэлээд ядарснаа мэдэрлээ. Гэвч бүсгүй баясан инээсээр л. Одгий бүсгүйг шаналсандаа ингэж байгааг гадарлаж түүнийг тайтгаруулан өөр лүүгээ эргүүлэн тэвэрч, уруул дээр нь зөөлөн үнслээ. Бүсгүй ч биеээ барин тайвширч түүний тэвэрт, бүр үнсүүлж байгаагаа сая л сэхээрэв бололтой гарыг нь өөрөөсөө холдуулавч гэнэт энхрийлүүлсэндээ сэтгэл хөдөлж, ганц дусал нулимс унагалаа.
Тэгээд тэд дуугүйхэн машиндаа суухаар явав. Замд гарсны дараа бүсгүйг санаа алдахад, залуу урагшаа замаа ширтсэн чигтээ -Ганцаараа санаа алдалгүй ярь л даа. Хажууд чинь хань болох хүн байна шүү дээ, юу ч хамаагүй ярьж болно оо гэхэд Зул -Мэдэхгүй ээ, гэнэт юу ч бодогдохгүй байна гэв. Тэгээд санаа алдлаа. -Тэгвэл юу ч хамаагүй асуу л даа, би хариулах гээд үзье гэхэд Зул сая л тайтгарч жуумалзсанаа -Чи яагаад ийм дээр үеийн машин унадаг юм бэ? -Хүүхнүүдэд өөрийгөө харуулах гэж. Гоё машинтай бол хүүхнүүд намайг биш машиныг маань хараад байна биз дээ. Тээр эс хэл лүү, чи ч бас эзнийг нь биш, эдийг нь харсан байгаа биз дээ гэхэд Зул инээдээ барьж ядан -Харин ч хүүхнүүд машиныг чинь голохгүй юу гэв. -Харин тэгээд л машиныг биш, намайг сонирхсон хүүхнийг авгайгаа болгох санаатай хүлээж байна хэмээн алиалахад Зул хэдэн сар инээгээгүйгээрээ инээсээр л явлаа. Зул ингэж замд гарснаасаа хойш сарын дараа л гэртээ ирсэн юм. Нөхөртөө аав ээж дээрээ хөдөө амарч байна гэж л хэлжээ. Түүнийг гэртээ ирэхэд тоос даасан гэр, хааяа хань болдог өнөөх манаач угтах бөгөөд нөхөр нь бас л ирээгүй байлаа. Зул энэ байдлыг хараад шийдвэртээ дахин харамсах сэтгэл төрсөнгүй. Тэрээр өөрийн гэсэн тоотойхон зүйлсээ цүнхэнд хийж бариад, нэгэн зурвас бичиж үлдээлээ. Зурвасыг манаачид үлдээх гэснээ болиод ширээн дээр орхихоор шийдэв. Бичсэн зурвасаа дахин нэг гүйлгэн харлаа. “Би эх хүн болсон, хүүхэдтэй болсон, явлаа, баяртай”. Тэрээр өөр зүйл бичихийг ч хүссэнгүй, сэтгэл ханьгүйдэхийг мэддэггүй хүнд үг илүүдэх биз хэмээн бодоод хаалгаа цоожлон манаачид түлхүүрийг нь өглөө. Зулын энэ шийдвэрт итгэж ядан зогссон Одгий түгшингүй хүлээж байсан хэдий ч цүнхээ барьсан Зулыг хараад баярласандаа тосон гүйж, эхнэр нь болох гэж буй энхрий бүсгүйг хоёр гар дээрээ нандигнан өргөсөөр машиндаа суулган, хором ч сааталгүй тоос татуулан одлоо.