“АЙЛЫН ОХИН” ӨГҮҮЛЛЭГ
“АЙЛЫН ОХИН” ӨГҮҮЛЛЭГ
ГИЙГҮҮЛЭН
Өнгө гэрлийг гайхалтай хослуулсан үнэт эдлэлийн дэлгүүрийн үзмэрийн шилэн хорго, лангуун дотор дэлгэсэн чамин содон эдлэл хэрэглэл, гоёл зүүсгэл гэрэлийн ойлт хоргоны ёроолыг доторлосон хар хамбан дээр туйлын гоо үзэмжийг бүрдүүлэн хүний нүд унагахаас ч аргагүй харагдана. Танхимын гэрлийг ойлгон гялалзах ээмэг бөгжийг сонжин зогсох залуу хосуудад хиймэл сормуусаа дэрвэлзүүлэн тал засах худалдагч эмэгтэй ээмэг сонирхон зогссон залуу бүсгүйн: -Өрөөсөн ээмэгний шигтгээ нэгээр дутуу хийгдсэн юм байна. Өөр байгаа юу гэхэд будаг засал дориун хийсэн улцгар шар царай нь хувьсхийн байхгүй ээ ганц л байгаа хэмээгээд бүсгүйн гараас ээмэгийг булаах шахам аван цааш хийнгээ. Хажуудах эмэгтэйтэйгээ шинэхэн эмээ болсон тухай сониноо хуваалцан яриа дэлгэлээ. Улцгар шаравтар царайгаа хэдэн янзаар хувирган хойд зүгийнхүүдээ гэхээр өнгөтэй нүдээ нэг жартайлган нэг бүлтийлгэн шинэ ачаа өхөөрдөн хүүрнэх Цэцэгжаргал гуч дөхсөн хойноо сумынхаа ажилтай анхиатайгаас эхлээд зүс сайхан хэмээх магтагдах Хуягын гэргий болон хоёр хүүгийн ээж болж ачаа харан жаргаж суугаа аж. Эр хүний ухааныг эмийнх нь зүснээс гэдэгчлэн цагийн саалтыг сойх гэж хичээн зүсэн зүйлээр тордсоны хүчинд Цэцэгжаргалыг ачаа үзсэн эмээ гэвэл гайхах хүн олон байхаар залуухан толиотой харагдах.
Хуяг тэр хоёр буурлын буяныг гайгүй сайн өөд татсаны хүчинд өдгөө дориун боломжийн амь зууна. Хоорондоо овоо хэдэн жилийн зайтай хоёр хүүгээ чамгүй эрхлүүлэн өсгөсөн Цэцэгжаргал хорин насны босгыг хоёр сарын дараа алхах том хүүдээ ирсэн цэргийн зарланг хүртэл ааваас нуун аргалж, хээрийн дадлагын сар хүрэхгүй хугацаанд хэдэн ч удаа эргэн очиж нялх юм хэмээн хошуу дэвсэн байтал өр зүрхний хайртай өөдөсхөн нялх хүү нь намрын навчис сэнсэрсэн нэг орой нүүр нь сэвхэтэн сэлхэрч амаржих дөхсөн жаахан гэргийгээ гэртээ авчиран Цэцэгжаргалыг ууж суусан цайндаа хах цацахад хүргэсэн билээ. Гэнэт гарч ирсэн жаалхан бэрдээ тийм ч таатай биш байсан ч яахийн аргагүй цус махны чинь тасархайг тээсэн хүний охин үрийг өдий болтол яаж нууваа гэж хүүгээ загнах Хуягийн хараад хэлээ хазан өнөөг хүрч эмээ гэгдэх эрхэм алдарыг зүүгээд байгаа нь энэ. Цэцэгжаргал өвөрмөц үнэртэй анхилуулан уур савсах аягатай кофег аван тамшаалсанаа өнөөх содон өнгөтэй нүдээ жийхайлган: -Үгүй ээ энэ одооны хүүхдүүд ямар их бааштай болсон юм бэ манай бэр бас их бааштай юмаа. Хөхнийх нь толгой хагараад бөөн сүр уйлж унжаад тэгээд миний хэлсэнийг тоохгүй юм. Маний үед бол буцалсан ус хар цайгаар угаагаад л яваад байдаг байсан даа одоо ч үгүй болсон юм байхоо заавал л эм тан түрхэх юм байх гэхэд нь сонсож суусан эмэгтэй амыг нь дагуулан: -Эрхлүүлэх тусам тэгж байхгүй юу гээд аягатайгаа аван чимээтэй гэгч нь сорон уулаа.
Шинэ хүнээ өхөөрдөн нялхарах өвөө эмээ хоёр, эцэг эхдээ их л том гавъяа бүтээж өгсөн мэт додигор суух шинэхэн эцэг, эх хүний төрөлх зөндөө хөтлөгдөн нярайгаа асрах явдрангуй цонхигор залуухан ээж гээд Хуягынд сүүлийн хэд хоногт буй болсон уур амьсгал ноёлно. Гэтэл шинэ хүн нойрноос сэрэн мурчигнахад хэрэг бишдэх нь тэр бүсгүй хүний байгалийн зөн юм хойно хөөрхий шинэхэн ээжийн тас анисан нүднээс том том нулимс бөмбөрч, нярайн шарлалт нь бүрэн буугаагүй хужир нь ихэдсэн боорцог шиг өнгөтэй арьстай болсон нялх охин үлмэдэг цусны туяатай сүү бувалзан хөхөхийг харсан Цэцэгжаргал: -Битгий баашлаад сүр болоод бай чи ганцаараа ингэсэн юм шиг эмэгтэй хүн бүр энэ давааг туулаад гардаг би ч гэсэн ингэж л байсан буцалсан хар цайгаар сайн угаа гээд л үглэж эхэллээ. Цэцэгжаргал өөрөө том хүүгээ төрүүлчихээд хөхнийх нь толгой хагарчихсан зовиурлаж энгэрээ ч товчилж чадахгүй шахам байхад хөөрхий ээж нь наана цаана нь орон ямар их тойлж байсаныг сайн санаж л байгаа л хүндээ. Өөрт дүүрэн байдаг зүйл бусдад дутахыг ойлгодоггүй нь хүний хорвоогийн жам юмуу даа. Хар нялхаараа хадмын хаяа бараадсан жаалхан бэрийнхээ дотор луу өнгийх сөхөө дутахыг яалтай.
Манцуйтай нярай овоо хүн дүрсээ олох нь уу гэлтэй болон нэг сар болох дөхсөн нэг орой Цэцэгжаргал ядарсанаа гайхан гэрийнхээ босгыг алхвал бэр ач хоёр нь алга бөгөөд өөрийнх нь нялхаараа хүү нь хайрцагыг нь задалж амжаагүй шархны түрхлэг гартаа барьчихсан хийх байхаа олж ядсан мэт сууж байсанаа ээжийнхээ асуух мэт харцыг ажсан бололтой: – Энхжин хөдөө аав ээж дээрээ очиж тэнхэрнэ гээд явчихлаа. Би хичээлээсээ чөлөө аваад долоо хоногийн сүүлээр араас нь явлаа гээд санаа алдаад барьж суусан тосоо цүнхэндээ хийгээд бослоо. Хүний хань юм гэсэндээ мөнгөө илүүчлээд авч дээ хэмээн уяран бодсон Цэцэгжаргал шигтгээ дутуу гээд зарагдахгүй болохоор бэрдээ өгөх гэж авчирсан ээмэгээ гаргалгүй цүнхнийхээ мухар луу лавлуулан хийлээ. Гурав хоногийн дараа худынхыгаа зорин яваа Хуягын ганган машин харгуй замыг эвхэн хурдалж их бэрдээ өгөхөөр зэхсэн сувдан ээмэгтэй цүнхэн дээрээ тохиолдсон Цэцэгжаргал том хүүгийнхээ аав болон буйр сууж нүдний харц нь хүртэл өөр болоо юу даа хэмээн сэм санаа алдан сууна. Эд эдлэлийн ялгаа зөрөөг ядах юмгүй олох мөртөө нэгэн зүйлийн амьтан болох хүн өрөөл бусдын юуг өөртэйгөө адилтган хайрлаж юуг ялган салгахаа үл ойлгох гагцхүү эхэлж болон хожим ирсэн цаг хугацаа эхэлж болон хожимдож хүрсэн оргилоороо ихэрхэн цэцэрхсээр дуусах ч эцэст нь нэг л газар цуглах нь хүдэнт саарал орчлонгоос өгсөн бас нэг таавар бизээ.