“АЙЛЫН НӨХӨР БУЛААЖ ӨӨРӨӨСӨӨ НИЛЭЭД ОЛОН НАСААР АХ ХҮНТЭЙ СУУСАН ЮМ ГЭНЭЛЭЭ…”

“ГЭРГИЙН ЗАХИАС” – Л.ДАЙРИЙМАА

Дэжид нөхөртэйгээ ханилаад нилээд хэдэн жил болж байгаа боловч үрийн зулай үнэрлэж чадаагүй яваа нэгэн. Мэргэлүүлээгүй лам, бөө, эмнэлэг гэж байхгүй аж. Эмнэлэг эрүүл байна л гэнэ. Лам, бөө цаг нь болохоор хүүхэд төрүүлнэ ээ л гэхээс өөр үг хэлэхгүй.

Гэвч Дэжид энэ үгэнд бүр итгэхээ больсон нэгэн. Нөхөр Дорж нь хүүхэдтэй болсонгүй гэж хэл үг тарихгүй. Хоёул ажлаасаа ирээд хоёр биенээ хий дэмий харж хэсэг суугаад зурагт үзэх юм уу эсвэл ном сонин эргүүлнэ. Тэр хоёр аймгийн төвд ирсэн тоглолт, киног ч харин алгасахгүй үзнэ дээ.

Ойр зуурынх нь хүмүүс энэ хоёр ингэж л цаг нөхцөөхөөс биш өөр яахав дээ гэнэ. Хажуу баруун айл нь нэг том хүүхэдтэй тул хааяа нэг давс, элсэн чихэр л сурж орж ирнэ. Нөгөө талын айл настай айл байх, зундаа тэднийд хүүхэд ирэх боловч удахгүй буцна.

Байх хугацаандаа хашаандаа л тоглохоос тэднийд орж ирэхгүй. Магадгүй эмээ, өвөө нь сэжиглэж цэрвээд оруулдаггүй ч юм билүү гэж бүсгүй бодно. Нэг намар тэр айлын өвгөн нас барж хамар хашаа тул орж юм хумнаас нь бэлдэлцэж өгөв.

Хотоос охин нь хоёр хүүхэдтэйгээ ирсэн байв. Тэр аавынхаа ажил явдлын дараа тэднийхээр орж ирэхдээ – ээжийг минь орж гарч эргэж тойрч байгаарай би ажилтай тул буцахаас аргагүй боллоо гэсэн билээ.

Тэр хоёр эмгэнд тус дэм болж орж гарсаар сүүлдээ ээж нь, хүүхдүүд нь юм шиг болцгоов. Зун болж нөгөө хоёр хүүхэд ч хотоос ирэв. Эмгэн – манай охины нөхөр гадаад яваад тэр чигээрээ таг болчихсон юм аа.

Ээж нь ганцаараа ажил л хийхгүй бол эдний амьдрал бүтэхгүй, байнга л ажил хийх юм даа одоо ч би энэ хоёр хүүхдийг нь харж ч чадахаа болих нь гэж ярьсан билээ. Дэжид Дорж хоёр эмгэний охины тухай – ямар өрөвдмөөр юм бэ, нэг хүүгээ өргүүлнэ гэж байдаггүй л байхдаа гэж хоорондоо ярилцана.

Хоёр хүү ч тэднийхээр орж гарч гүйдэг болцгоожээ. Эмгэнийг охиноо ирнэ гэхэд нь тэд бага хүүгээ үрчлүүлээч гэж гуйхаар болжээ. Хүүхдүүдийн ээж ч ирэв. Тэд ч бодож яваагаа хэлтэл бүсгүй – тэг ээ гэж эргэлзсэн ч шинжгүй хэлжээ.

Ээж нь гайхсан янзтай охиноо харснаа юм хэлсэнгүй, хөөрхий минь би эдэнд хань болж чадахгүй гэж бодсон байх. Ийнхүү Доржийнх Баасанжав гэх эмэгтэйгээс хоёр ой өнгөрч яваа Зоригт нэртэй хүүг нь өргөн авсан билээ.

Хоёр жилийн дараа Доржийнх нэг охинтой болжээ. Тэр хоёр хүүгээ –булган сүүлтэй үр минь гэж өөрийн үр шигээ л хайрлана. Эмгэн – охины маань нөхөр таг байж байж нэг удаа ярихдаа – чи амьдралаа бодоорой, би эндээ амьдралтай болсон гэж ярьсан гэнэ лээ гэж тэдэнд ярьжээ.

Удалгүй Баасанжав ээж дээрээ бүр ирж, хүүгээ сургуульд оруулав. Доржийн охин ч хэлд, хөлд орж эмээг – эмээ гэж дууддаг болов. Энийг л хүлээж байгаад санаа нь амарсан юм шиг эмгэн бурханы оронд оджээ.

Буян номыг нь гүйцэлдүүлсэн гурав гэр гэртээ хүүхэд, хүүхдүүдтэйгээ амьдарч Баасанжав нэг байгууллагад ажилд орлоо. Сүүлийн үед Дэжид нэг л зүйлийн тухай ахин дахин бодно. Тэр нь чухам юу болохыг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ.

Нэг л зүйлийн тухай бодоод байгааг нь анзаарсан Дорж эхнэрээсээ юунд санаа зовоод байгааг нь асуусан боловч юм хэлээгүй аж. Нэгэн орой тэр нөхөртөө -хүүхдүүдээ унтуулаад чамтай ярих юм байна гэсэн билээ. Тэр хүү, охин хоёроо унтуулаад нөхөртөө ийн хэлжээ.

– Миний хань битгий сэтгэл санаагаа хямраагаарай гээд – энэ их урт түүх миний эмээ бүр залуу даа айлын гэр бүл салгаж үр хүүхдийг нь өнчрүүлж өөрөөсөө нилээд олон насаар ах хүнтэй суусан юм гэнэ лээ.

Тэгээд тэр хаягдсан эхнэр нь хүнээр хараал жатга хийлгэснээс болж эмээгийн минь ханилсан нөхөр буюу ээжийн аав нас барж эмээ бэлэвсэрч үлдсэн юм гэсэн. Эмээ минь их залуу даа ээжийг төрүүлсэн учир дахин нөхөрт гарч ээж эмээ, өвөө дээрээ өссөн юм гэсэн.

Гэвч эмээ минь хүүхэд төрүүлээгүй. Арга аа бараад ээж нь эмээг дагуулж сайн мэргэлдэг хүнээс асуухад – чамд, охинд чинь ч xapаал хүрсэн. Бас үр удамд чинь ч үргэлжилж, зээгээр чинь тасарна гэсэн юм гэнэлээ.

Тиймээс охин чинь хүүхэд төрүүлэхгүй ч байж мэднэ, эсвэл төрүүлдэг юм аа гэхэд урт наслахгүй гэж хэлсэн юм билээ. Төрсөн хүүхдэд нь ч бас энэ xapаал нэгэн ижил дамжина гэсэн гэдгийг мөн тэр лам – xapаал хийсэн, хийлгэсэн хоёр хүн хоёулаа одоо нас барсан юм байна гэсэн гэж ээж надад нас барахаасаа өмнө ярьж байсан юм гэв.

Тиймээс би дөнгөж насанд хүрч байх үедээ л ээжээсээ өнчирч аавтайгаа үлдсэн юм. Аав маань сэтгэлээр их унаснаасаа болж урт насалж чадаагүй ээ. Энэ бүгдийг сонсож суусан Дорж – тийм юм гэж юу байхав дээ, ер нь ингэхэд танай ээж яах гэж тэрийг чамд хэлдэг байна аа гэв.

Тэгээд чи шал дэмий юманд итгэж л байдаг гэв. Дэжид – намайг эртхэн мэдэж түүндээ бэлтгэлтэй байх нь дээрээ гэж шийдсэн байх л даа. Ээж маань угаасаа юмыг нууж хаадаггүй шулуухан хэлчихдэг хүн байсан юм.

Ямартаа л өвчтэй байхдаа эмчид – эгч нь одоо хэр удаан амьдрах вэ үнэнийг л хэлээрэй надад бас үр хүүхэддээ эртхэн захиж хэлэх, өгөх юм гээд байна шүү дээ гэдэг байсан хүн гэлээ. Дорж хэсэг чимээгүй сууснаа – би хүнээс асууна аа гэсэн билээ.

Дэжид дотроо – асуугаад ч нэмэргүй дээ гэж бодож суув. Дэжидийн хамгийн чухал бодоод байгаа зүйл нь түүний үxэл биш харин Баасанжавыг өөрийгөө нас барснаас хойш охиндоо ээж шиг ээж болж чадах хүн гэдэг бодлоо нөхөртөө хэлж түүнтэй ханилаарай гэж захих байсан билээ.

Дорж нилээд хэдэн сайн гэх хүнээс эхнэрийгээ асуусан боловч яг л Дэжидийн хэлснийг хэлсэн ажээ. Арга засал хийлгэе гэсэн боловч – амь насыг нь торгоосон ч хүнд өвчинд ээрэгдэж, эмчлэгдэхгүй их зовох юм байна гэж ээ.

Тэр эхнэрийгээ зовоохыг хүссэнгүй, үнэхээр энэ бүгд үнэн бол болох цагтаа болох л байх, тиймээс үлдсэн хугацаанд нь түүнийгээ аз жаргал, баяр хөөртэй байлгая гэж хичээх болжээ. Дэжид бодож явснаа ч Доржид мөн Баасанжавт ч захьсан ажээ.

Харин тэр эхнэрээ Баасанжавт удмын асуудлаа ярьж, захьсныг нь мэдээгүй билээ. Нэг л өдөр Дэжид мөнх бусын орчлонгоос буцсан аж. Дорж түүний захиасыг биелүүлэлгүй хоёр, гурван жил болсон боловч жаахан охиноо, хүүгээ өрөвдөнө.

Тэднийхээр орж гарч гэрийнх нь ажлыг бөөцийлж, хүүхдүүдийг нь хооллож хувцас хунарыг нь угааж өгсөөр удаж буй Баасанжавыг ч бас өрөвдөх тул нэг л өдөр Дорж түүнд – нэг гэртээ оръё гэсэн аж. Баасанжав юм хэлсэнгүй гарч яваад маргааш нь түүнийг ажлаасаа ирэхэд гэрт нь хүүтэйгээ ирсэн байжээ. Угаасаа ч байшин нь амьдрахын эцэсгүй болж өмхөрч муудсан байсан билээ… Л.Дайриймаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!