“АЗ” ӨГҮҮЛЛЭГ

“АЗ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Наранбаатар бол айлын том хүү эцэг эхээ нас барснаас хойш эцгийн үүрэг гүйцэтгэж яваа нэгэн. Одоо хань 3 хүүхэдтэйгээ аймгийн төвд амьдардаг. Насаараа барилгын ажил хийж амь амьдралаа авч яваа билээ. Эхнэр Оюу нь нэгэн байгууллагад нярав ажилтай. Хүмүүс – эдний эхнэр нярав юм чинь бага сага юм зөөдөг л байж таараа гэх боловч тийм шунал тэдний аль алинд байхгүй аж. Хоёулаа хамжиж байж барьсан 5×7 ийн байшиндаа хүүхдүүдтэйгээ багтахгүй шахуу амьдравч аль аль нь – том байшинтай болох юмсан гэхээсээ илүү – энэ хэдийгээ эрдэм боловсролтой болгох юмсан гэдэг дээр л төвлөрч олсон хэдэн төгрөгөө хурааж хумина. Наранбаатар хааяа эхнэрээ харан өрөвдөж – ишш ханьдаа ганц булган шуба аваад өмсүүлчих юмсан гэхээр даанч болохгүй юм даа гэж бодно. Харин Оюу – муу ханиа ганц гайгүй машинтай болгочих юмсан гэхээр даанч болохгүй юм даа, аль аль талаасаа олуулаа болохоор тэдэндээ бас илүүчлэх хэрэгтэй болох юм гэж бас бодно. Наранбаатар нэгэн өглөө ажилдаа явж байтал нэг хүү замын дагуу алхан – шинэ сонин аваарай, дөнгөж өчигдөрхөн хэвлэлтээс гарсан цоо шинэхэн ном аваарай, сугалаатай шүү гэж орилж байхыг нь сонсон замаас гарч хүүг дуудан – алив ахдаа нэг сонин өгчих – ном нь хэн гэдэг зохиолчийн ном юм бэ гэхэд хүү нэг сонин авч өгөөд – манай аймгийн Дөлгөөн зохиолчийн ном – ахаа та харах уу багадаа нутгаасаа гарсан хүн юм байна лээ. Манай аймгийн нутгийн зөвлөлөөс номыг нь ивээн тэтгэж хэвлүүлээд, сугалаатай борлуулж байгаа.

Хамгийн том хонжвор нь 3 өрөө байр, дараагийнх нь аялах эрх гээд – зохиолч маань энэ номныхоо орлогын 50 хувийг өндөр настны асрамжийн газарт хандивлах юм байна лээ. – Өө мартснаас би уншаад уйлсаар байж дуусгасан гэж ам хуурайгүй ярих аж. Залуу – аан тийм үү гээд номыг авч сонирхон гүйлгэж хараад – за яадаг юм азаа үзнэ ээ гэж дотроо бодоод – ахдаа нэгийг өгчих гэв. Хүү мөнгөө тоолж цүнхэндээ далд хийгээд сугалаан дээр залуугийн овог нэр утасны дугаарыг нь бичээд хуваан нэг талыг нь Наранбаатарт өгчээ. Залуу сүрхий хэрсүү хүүгийн их л нямбай бичиж байсныг нь өхөөрдөн – чиний нэрийг хэн гэдэг вэ гэхэд хүү жаахан гайхсан янзтай харснаа – Итгэл гэв. Залуу – сайхан нэр юм аа хүү – өвөө маань өгсөн нэр гээд инээмсэглэж байлаа. Маргааш орой гэртээ очиход нь дунд ангид сурдаг охин нь – аав та их гоё ном авчээ би уншаад уйлсан гэж ярихад – өө тэг ээ юу гэхдээ – хичээлээ давтахаа цалгардуулав гэж захисан билээ. Тэр өдрөөс хойш Наранбаатар ажил төрөл гэсээр нөгөө номоо, сугалаагаа бүр мартсан байлаа. Гэнэт нэг өдөр түүнд дуудлага иржээ. – Байна хэн бэ гэхэд – Итгэл байна аа гэх хүүхдийн дуу дуулджээ. Хэний Итгэл билээ – яагаав би танд ном зарсан нөгөө Удмын буян гэхэд залуу – аан за за одоо танилаа – яасан ахын дүү – та хожсоон – юу тэр вэ – байр аа таны утсыг холбогдохгүй байна гэхээр нь би хэдэн өдөр таньлуу залгаад ашгүй өнөөдөр холбогдлоо гэхэд залуу – өө ах нь хэдэн хоног хөдөө ажиллаад – аа за та даруйхан энэ утасруу яриарай гэж утасны дугаар өгчээ. Хэд хоногийн дараа Наранбаатрынх аймгийн төвдөө шинэ 3 өрөө байрандаа нүүн орж багахан дайллага хийхдээ Итгэл хүүг өвөө эмээтэй нь урьсан аж.

Энэ цагаас хойш Наранбаатар Итгэл хоёрын дунд нэг тийм дотно холбоо үүссэн бөгөөд залуу хүүг эргэн өвөөгийнд нь очиж хүү заримдаа тэднийхийг зорин ирдэг болжээ. Залуу аз авчирсан номоо хичээж зав гарган уншиж эхэлсэн бөгөөд удалгүй номныхоо үйл явдалд шимтэн орж бараг л уйлахаа дөхөн уншжээ. Жилийн дараа тэднийх нэгэн бяцхан хүүгээр бүл нэмжээ. Хэдэн жилийн дараа том охин нь оюутан болж удалгүй Итгэл хүү ч оюутан болов. Аймгийнх нь нутгийн зөвлөл хүүгийн сургалтын төлбөрийг даах болсон байв. Мөн удалгүй удаах охин нь оюутан болсон билээ. Гэнэт нэг өдөр том охин нь утсаар ярихдаа – та хоёр хүргэнтэй болсон, удахгүй очно гэхэд – хаанахын хүүхэд юм, уг нь ганц хоёр жил ажиллаж байгаад миний охин нөхөртэй болохгүй, за одоо яахав, тэгээд хэзээ та хоёр ирэх юм гэхэд – би биш ээ энэ Номин гэж ээ. – Юу гэнэ ээ гэж гайхсан Наранбаатар Оюу хоёр охин Номинруугаа залгахад тэр айсан мэт утсаа авахгүй байтал бага хүү нь – Итгэл ах аниа хоёр ирнэ гэнэ үү гэхэд бүр ч гайхсан хоёр – Итгэл энэнд ямар хамаатай юм – яана аа та хоёр чинь FB тэй юм байж мэддэггүй юм уу, тэр хоёр чинь аль хэзээ REL хийсэн байсан ш дээ гэхэд – тэр нь бас юу юм гэж зэрэг асууцгаажээ. Хүү хэсэг дуугүй байснаа – үерхдэг, – за ер нь бол хос болсон гэсэн үг гэхэд Наранбаатар Оюу хоёр сая л нэг юм учрыг нь олсон боловч бас л гайхсан харцаар бие биенээ харж байлаа. Тэгээд гэнэт санаа нь амарсан янзтай сандалдаа суухад Оюу хоёр аяга авчран цай аягалж нөхөртөө бариад цайгаа ууж эхлэв. Залуу цайгаа аажуухан оочлон ууж суухдаа бүр нэг баярласан шинжтэй байхыг нь ажигласан Оюу – за за ашгүй дээ сайн хүү таарч гэхэд Наранбаатар толгойгоо дохиж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!