“АЗ ЖАРГАЛ ЧАМАЙГ ХАЙЖ ИРДЭГ” БОДИТ АМЬДРАЛААС

“АЗ ЖАРГАЛ ЧАМАЙГ ХАЙЖ ИРДЭГ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

1978 он. Би гэдэг хүн эхээс мэндэлжээ. 2 ихэр төрсөн ч төрөлтийн хүндрэлээр ээж минь өөд болж ихэр маань маргааш нь бас л сул биетэй төрсөн учир өөд болсон гэдэг. Ээжгүй охин хүүхэд хэцүү л дээ. Юм хомс тэр цагт аавыгаа л хормойдон аавдаа л найдаж амьдарч байлаа. Аав минь намайг чихэртэй усаар хүртэл угжиж байсан хэцүү үе олон байсан гэдэг. Цэцэрлэг сургуульд үргэлж ээжгүй өнчин гэж хочлуулж уйлсаар харьдаг байсансан. Одоо цагт ээжгүй эсвэл аавгүй хүүхдүүдийг хочилж гоочлох нь багассан байна лээ. Гэр бүл салалт ихэсч нэг ангид ээжгүй аавгүй олон хүүхэд байдаг болсон болохоор хүүхдүүд үүнийг энгийн зүйл гэж хардаг болж дээ. Аав маань үнэхээр ажилсаг хүн байсан болохоор намайг хичээлээ тараад ирэхэд модоо хагалаад тэвшиндээ хураачхсан, галаа түлээд гэр пүн хийсэн сайхан дулаахан гамбир хайраад масло сахартай ширээн дээр тавьчихсан бүх махаа эвдээд хэрчээд хоол хоолоор хуваагаад уутанд хийчихдэг, цуйвангийн гурилаа тор дүүрэн хайраад хэрчээд шүүгээндээ бэлдчихсэн байдаг байж билээ. Би аавдаа туслахсан гэж хичээдэг ч надад чадах зүйл байдаггүй цагаан гартай охин байв. Аав маань цахилгаанчин мэргэжилтэй байсхийгээл дуудагдаад явна. Аавыгаа иртэл хашаан дээрээ гарчихсан холоос хараад л хүлээж суудаг байсан. Ахлах ангид ороод анх удаа анхны хайртайгаа учирлаа. Бор форумтай, лакан гуталтай хөл бөмбөгийн зурагтай орос арьсан цүнхтэй ахлах ангийнхаа хүүд намрийн спартикадаар түүний ангийнхаа охины гутлыг үдэж өгч байгааг хараад дурлаж билээ. Аавтай минь ижилхэн төрлийн хүн байна даа гэж харсан хэрэг. Тэгээд л түүнд зориулаад өдрийн тэмдэглэл хөтөлж бичсэн зүйлээсээ бараг өөрөө ичээд дэвтрээ хачин сайн нуудаг байлаа. Нэг удаа хичээлээ тараад гэртээ ороод иртэл нөгөө хүү чинь цай уучихсан сууж байна. Хүзүүгээ майжаад намайг хараад л ичээд би бүүр сандарч яахаа мэдэхгүй зогсож байснаа буцаад гараад гүйчиж билээ. Учрыг нь мэдсэн аав маань даралт нь ихсээд унах шахсан гэнэ. Тэр хүү ард нь явж байгаад түшээд аавыг гэрт хүргэж өгчээ. Жижигхэн тосгон байсан болохоор манай тэнд бүгд нэг нэгнээ мэддэг ч түүнийг би сайн танихгүй. Тэр хэний хүүхэд гэдгийг би байтугай аав маань ч мэдэхгүй байлаа. Дурлал их хүчтэй. Өөрийн мэдэлгүй инээмсэглэнэ, харангуутаа ичиж нүдний булангаараа сэмхэн ширтэнэ, найз охиддоо хэлэхээс ч ичмээр нандин тийм байлаа.

Яагаад ч юм удалгүй тэр манай ангийн үүдээр их эргэлдэх болов. Тэгж байтал надад захиа ирсэн юм. Түүний найз нь ирж өгсөн болохоор би дөрвөлжин дэвтрийн цаасан доторх нугалсан тэр захиаг түүнээс ирсэн гэж баттай мэдэж байв. Нээж үзэхийн тулд хамаг хурдаараа хичээлээ тараад гэрийн зүг гүйлээ. Гэрийнхээ хойно газар сууж хашаагаа налж сууж байгаад эргэн тойронд аав байна уу гүү юу харчихаад арай л гэж задалж билээ. Дэвтрийн цаасны талаар бичсэн цэнхэр бэхээр дармалдан бичсэн үнэхээр сайхан бичиг. Түүнээс мөн байлаа. Харж явдаг хайртай гэдэг үгийг уншаад л зүрх түг түг цохилж захиагаа дахин уншаад ч ойлгохоо больж баярласандаа дотроо хашгирч байлаа. Захианыхаа хариуг би яг нөгөөдөр нь өгсөн юм. Бид тэгж үерхлээ. Бидэн шиг аз жаргалтай хүмүүс тэр сумд байдаггүй байж. Үргэлж хамтдаа. Гэхдээ ахмад настангуудаас ичиж гудмаар алхахдаа урд хойноо ороод цуварч явдаг хүмүүсийн хажууд зэрэгцэж зогсохоосоо ичдэг сургууль дээрээ холоос харалцаад л инээмсэглээд л зөрнө. Бид хоёр пионерийн зусланд зун нь хамтдаа явна. Хоёр гэрийнхэн ам сайтай. Сурлага сайтай 2 нийлсэн гээд л багш нар хөөрхөн дэмжнэ. Тэр маань түрүүлээд 10-р ангиа төгсөөд Улаанбаатарт Анагаахын дээдэд хуваарь аван явлаа. Би 9-р ангийн охин хурдан төгсөхөө хүлээж үлдсэн. Захиагаар харилцаж шуудан дотор утсаар ярихын тулд хэдэн цаг ч хамаагүй хүлээдэг байлаа. Намайг төгсөөд Улаанбаатар ороход тэр маань хойшоо сурахаар бас л зөрсөн дөө. Бид 20 хоног л хамтдаа уулзаж болзож нэг нэгнийгээ заавал хүлээнэ, мартахгүй гэдгээ амлаж хайртай гэдгээ ахин дахин хэлсээр түүнийг явууллаа. Ингээд би бас л захиа зурвас хүлээсэн нэг оюутан боллоо. Худалдаа үйлдвэрийн сургуулийн дотуур байранд над шиг гунигтай хүн алга байж билээ. Аавдаа санаа зовно, хайртай хүнээ санаж бэтгэрнэ захиа хүлээнэ. Тасралтгүй бичсэн бүх захидал маань бараг алимны хайрцаг дүүрсэн байсан. 4 жил хүлээнэ гэдэг үнэхээр хэцүү, ганцаардалд түлхсэн он жилүүд. 2-р курсийнхээ өвөл нь түүнээс захиа ирэхээ болив. Холбоо сураггүй сэтгэл өвтгөж даарин дээрээс давс гэж түүнийг эхнэртэй болжээ, удахгүй нутагтаа дагуулж ирэх гэнэ, мундаг том эмч болоод эмч эхнэртэй болоод төгсөөд ирэх гэж байгаа гэнээ гэлцэх болж хотод байгаа надад олон ч хүн ирж хэлсэн дээ. Өдөр шөнөгүй уйлж хичээлдээ суусан ч үзгээ ч даахгүй цонх ширтэж, модон ширээн дээр түүний нэрийг бичиж шаналсаар 1 жил өнгөрлөө. Түүнээс огтхон ч сураг гарсангүй. Дахиж надруу захидал ирсэнгүй. Намайг тэр хайсангүй би ч мартахаар шийдэж хичээлдээ шамдаж сургуулиа амжилттай төгсч аавыгаа амрааж хотод авчирхаар сэтгэл шулуудав. Нүд ирмэх зуур л хоёр жил өнгөрч би төгслөө.

Аав маань хотод идээшихгүй нутагтаа байна гэж зөрүүдлээд би хотод ганцаараа ирж мэргэжлээрээ ажиллаа. Гэхдэээ энэ бүх хугацаанд нөгөө алимны хайрцаг дүүрэн захиаг хаяж чадахгүй л явав. Хааяа гаргаж харна заримыг нь уншина. Нулимс цийлэлзээд л хамар шархирч хачин гунигтай болчихно үнэхээр л их гомдсон байлаа. Яагаад намайг орхиж байгаан бол яагаад хэлж болоогүйн бол яагаад хүлээгээрэй гэж явчихаад өөрөө надаас холдож байгаан бол гээд л үргэлж бодогдоостой. Ажилд орсон жил нэг залуутай танилцав. Түүний халамжтай бас хачин их соёлтой зан надад таалагдаж би түүнд болзох саналыг нь хүлээж авч намайг ажлаас ирж авна, оройдоо алхана, тэгж явсаар аав дээр минь очиж танилцах хүртлээ дотносов. Мягмарийн охин нөхрөө дагуулж ирж гэнэ, нөхөртэй болсон гэнэ гээд л нутгаар нэг жиг жуг. Инээдтэй жижигхэн газар учраас дороо тарна. Аав ч за миний хүү гэж хүлээж авав. Аавд минь хадаг мөнгөн аягатай золгож намайг хайрлаж хамгаалах болноо гэдгээ амлан суухад нь би зөв хүн сонгож ээ би алдаагүй байхаа гэсэн бодол төрж байсан юм. Хотруу буцах өдөр арван жилийнхээ нутагтаа үлдсэн найз охиныд очиж цай уугаад хөдлөх зуур найзын ээж түүнийг нутагтаа ирчихсэн явж байна лээ аймгийн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллах болсон гэнэ гэсэн үг хэлэв. Найз залуутай болоод бүр аав дээрээ аваад ирсэн надад энэ үг цохиод авах шиг л хүчтэй тусч ганцхан харчихаад буцья би өөр юу ч хүсэхгүй гэж л бодов. Найзаасаа гуйн түүнтэй тааралдаж магадгүй гэж бодон гэрийнх нь хажуугаар хэд хэд тойроод таарсангүй. Тавилан юм байлгүй дээ гэж бодон үнэнтэй эвлэрч буцах боллоо. Машиндаа сууж байтал ( Нийтийн тээвэрт явдаг 69 машин) найз залуу маань дэргэд ирж суун манай нутгийн сайхныг гайхан бид хоёр инээлдэн сууж байтал жолооч ахын хаалгыг хүчтэй татан нэг л танил хоолойгоор Өө ах энийг дайчихья. Дээр нь гэрийнх нь утас байгаа өөрөө тосоод авнаа. Эмнүүд байгаан гээд хэлэх тэр хүн. Тиймээ тэр мөн байлаа. Би ширтэж тэр намайг гэнэт олж харан бас л зог тусав. Би өөрийн мэдэлгүй машинаас үсрээд буумаар санагдан өнөөх олон яагаад гэдэг асуултаа асуумаар гомдол дээд цэгтэ хүрч нулимс цийлэлзэв. Тэр юмаа жолооч ахад өгчихөөд итгэж өгөхгүй байгаа нүдээр надруу дахин нэг харсанаа намайг хөтлөн сууга найз залууг минь хараад За сайн яваарай ах гэж аяархан хэлээд хаалга хаалаа. Машины хаалга хаагдахад би уйлж эхэлсэн. Чимээгүй. Цонхны цаанаас түүнийг цааш алхахыг харж байлаа. Тиймээ миний анхны хайр, магадгүй одоо ч хайртай байж магадгүй тим нэг өөдгүй залууг чимээгүйхэн ширтсээр алга болохыг нь ширтэж суув. Энэ хүнийг сайн таньдаг юм уу? Хэн юм бэ гэх үгээр нулимсаа сая л арчиж аан манай дээд ангийн залуу гэж хэлсэн. Ингээд УБ луугаа буцлаа .

Нутагтаа нэг л их том орон зай үлдээгээд хүчээр буцаж байгаа мэт зүрх өвдөн арайхийн буцаж билээ. Ирээд ажилдаа орон амьдрал хэвийн болж эхлэв. Сар гарны дараа миний нэр дээр захидал ирлээ. 2001 оны 9сарын 13 Итгэл – ээс гэсэн түүнээс ирсэн захиа байлаа… Захидлыг задлахаар яардаг байсан бол харин энэ удаа айж байлаа. Дотор нь юу бичсэн бол гэхээс айж ажлынхаа ширээний ард гар чичрэн цоо шинэхэн маркных нь цавуу үнэртсэн дугтуйг арайхийн урж задалсанаа сайн санаж байна. Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Ажилд орсонд баяр хүргэе. Мундаг нягтлан бодогч болоорой. Би итгэж байна. Чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна лээ. Тааралдана гэж бодоогүй газраа тааралдсан үг сольж чадаагүй буцсанд уучлаарай. Ааваас нь ажлын газрын хаягийг нь аваад бичиж сууна. Нөхөртэй болсон намба суусан ч нүд чинь цовоо сэргэлэн гялалзаж байна лээ. Сайхан харагдаж байсан. Мартаж боломгүй дурсамжууд энэ нутагт минь үлджээ. Чи түүний нэг хэсэг шүү. Аз жаргалтай амьдраарай. Уншиж дуусаад нулимсаа барьж дийлсэнгүй. Яагаад гэж асуухыг хүсч байсан асуултанд минь хариулах нэг ч өгүүлбэр байсангүй. Тэр захиа яг л би чамайг мартсан чи жаргалтай амьдраарай гэж байгаа юм шиг унштаж байлаа. Хариу бичихийг хүссээн. Гэхдээ би бичээгүй. Үнэхээр их асуулт асууж бүр зорьж очоод түүнийг тэврээд уйлмаар, цохиж авмаар, гарнаас нь ганцхан атгаад чи намайг орхисон учраас би өөр хүнийг сонгосон. Чи намайг орхиогүй бол би хүлээсээр л байх байсан шүү гэж хэлчихээд ирмээр байсан. Тайвширсаныхаа дараа найз залуудаа очиж түүнийг хэн байсныг хэлэхээр шийдсэн юм. Тэр нь ч зөв байх гэж бодсон. Найз залуу уриалгахан хүлээж авч анхны хайрынхаа захиануудыг хаяад хэрэггүй ээ харин боож баглаад нуучихгүй юу даа, хааяа хүүхэд насаа дурсч байгүй юу гэж хэлж намайг аргадсан. Бид хоёр дахин энэ тухай ярилцахгүй гэж шийдээд би ч эргээд хэвийн боллоо. Аз болж үнэхээр сайн хүн миний хажууд байсан. Бид 2003 онд бэр гуйж хамтдаа амьдарч эхлэв. Аавыгаа ч аваад ирэв. Хуримаа хийе гэхэд л ганцхан үгүй гэж хэлдэг байлаа нөхөр маань. Бусад бүх зүйл дээр за ханиа гэж хэлдэг хүн ганцхан хуримаа хийе гэхээр Чамайг надад 100% хайртай болсон цагт хоёулаа хуримаа хийнээ гэдэг байлаа. Би чамд хайртай шүү дээ гэхэд эр хүн мэддэг юм аа. Нүд хэлээд өгдөг юм. Хуримгүй ч гэсэн хайртай хүнтэйгээ үнэхээр жаргалтай амьдарч болдог юм гэдэг байв. Үнэхээр л жаргалтай байлаа. Би яаж ийм сайхан түшигтэй нөхөртэй болчихсон юм болдоо гэж боддог байлаа. Нөхрийн ажлын цаг урт. Ажлаа тарж ирчихээд л хоол цайгаа бэлдээд заримдаа өнөөх захиагаа задлаад нэг харчмаар хамгийн анхны удаа ба сүүлчийн удаа авахуулсан зургаа нэг харчихмаар санагдана. Одоо аймагтаа эмчээ хийгээд гялалзаж яваа даа анхны хайр хэзээ ч бүтдэггүй хэрнээ мартагдахгүй ийм л зүйл байдаг байх нээ гэж боддог байлаа.

Би бие давхар болов. Нөхөр газар буухгүй баярлаж аав боллоо гэж хөөрсөн эрхэлж нялхарч хүүхэд шиг баярласан 9 сар өнгөрлөө. 2005 онд би ээж боллоо. Миний амьдралын утга учир болсон хүү минь мэндлэв. Аавыгаа нутагт нь хүргэж өгч зусуулхаар гэр бүлээрээ нутгийн зүг жолоо залав. Нутагтаа очоод хэдхэн хонож байтал нөхрийн бие гэнэт муудаж түргэн дуудав. Зүрх гэсэн анхан шатны оноштой яаралтай аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг руу яв гэлээ. Хүүгээ аавтай үлдээгээд сумынхаа эмнэлгийн машинаар 90км газар давхин аймагт ирлээ. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар нөхрийг минь яаравчлан авч оров. Зүрхний дутагдал, судас тэлэлт гэж шөнөдөө хагалгаанд орох болов. Уйлсаар байгаад дов болсон нүдтэй би Итгэлийн өрөөг хайж явсаар орж очиж уулзав. Надад одоо яагаад гэж асуух дурсамж үлдээгүй байлаа. Нөхрийг минь аварч өгөөч мэс засалд нь орж өгөөч чи чадна гээд уйлахад гэнэт намайг яваад ороход гайхаж цочсон тэр яахаа ч мэдээгүй байх. Ахлах эмчтэйгээ хамт орой орох хагалгаа нь анхны хайрынх нь нөхөр болж таарсан юм. Эмч нар байдаг бүхнээ хийсэн гэж би найддаг. Тэр шөнийнхөө үүрээр хэсэгхэн ухаан орсон ч нөхөр маань өглөө нь бурхан болов. Юу ч санахгүй юу болоод байгааг ойлгохгүй эмнэлгийн шалан дээр уйлсаар итгэж өгөхгүй хоцорсон доо. Наймхан сартай үрээ орхиод нөхөр минь эрүүл саруул биетэй хэзээ ч хэнд ч гэм хор муу санаж яваагүй хийж бүтээх байсан бүх мөрөөдлөө орхиод 28хан насандаа тэнгэрт хальсан. Ухаан ороод миний гарыг атгаад хэлсэн үг нь хүүгээ сайн хүн болгоорой хайрт минь, хүүдээ аав нь ийм хүн байсан шүү гээд хэлж өгч байгаарай миний хайрт хэзээ нэгэн цагт тэр захиануудын эзэнтэй заавал хуримаа хийгээрэй ганцаараа уйлж шаналж битгий амьдраарай гэж хэлсэн. Тэр үед нь ойлгож сонсох тэнхээгүй л байсан байх. Нөхрийнхөө, хайрт үрийнхээ аавын цогцосыг Улаанбаатарт авч ирлээ. Ингээд хүү минь яг л надтай адил хагас өнчин өсч өндийлөө. Бүтэн байсан амьдрал хагас болчихоор эмэгтэй хүнд зовж шаналж гуниглах цаг ч олдодгүй юм билээ. Бүхнийг болгож бүтээх гэж ганцаараа ажилж аав хүү хоёрынхоо төлөө зүтгэсээн. Хүүгээ 6 нас хүртэл би амдралаас бараг л тасарсан байх. Зав чөлөө аялал зугаалга найз нөхдийг мартсан байлаа. Аавынх нь талынхантай холбоо тасарчихгүй байх юмсан хүүгээ эмээ өвөөд нь ойр ойр уулзуулж элгийг нь дэвтээх юмсан гэж бүхнийг л амжууллаа. Аав минь ч нас дээшилж их л олон зүйл дээр ганцаардаж худалч хүнд гуниглаж анхны хайр ч бодох завгүй амьдарсан. Ер нь завгүй үүрэх ачаа их бол өнгөрсөн дурсамжаа ч бодох сөхөөгүй амьдралын төлөө гүйдэг юм байна лээ.

33 нас. Хүү минь 6 нас хүрлээ. Гомдол арилж дурсамж дуртатгал болсон ухаан суусан тэр л насан дээрээ анхны хайртайгаа сумынхаа ойгоор тааралдав. Тэр яг л хэвээрээ цаг хугацааг зогсоосон мэт өөрчлөгдөөгүй байхад би хөгширсөн их өөрчлөгджээ. Одоо болтол гэрлээгүй яваа түүнийг харахад дараа нь өөрийгөө харахад үнэхээр ялгаатай байсан. Өнгөрсөн цагаа дурсах гэхээр дурсамж сөхөгдөх цаг хугацаа гэж байдаг бололтой юу ч бодогдохгүй юу ч дурсагдахгүй болчихсон байлаа. Хүүхэд биш болохоор догдлох өнөөх сандрах гэгэлзэх мэдрэмжүүд унтардаг бололтой. Бид удаан ярилцалгүй салж явцгаав. Харин хотод ирсэн хойноо хүүхэд ахуй насны дурсамж шингэсэн тэр бүх захиаг шатаалаа. Одоо цаг нь болжээ. Мартхаар гомдол арилдаг юм билээ. Зүгээр л ажлынхаа тайлан тооцоо бичгийн цаасыг шатааж байгаа мэт юуч бодолгүй шатааж орхилоо. Хамгийн сонин нь захианы эзнийг мартсан захиануудыг нь шатаасны дараа эзэн нь залгав. Наадмаар таарахдаа дугаараа өгсөн ч ярих тохиолдол гарахгүй биздээ гэж бодож байсан юм. Тэр өдрөөс хойш яг 1 жил гарны дараа би нүүсэн. Хаашаа гэж үү? Төрсөн нутаг руугаа. Анхны хайрынхаа эзэн уруу. Хүүгээ хөтлөөд аавыгаа дагуулаад. Аав минь нутагтаа бүрэн суурьших боллоо гээд замын турш унталгүй догдлон явсан шүү. Цаг хугацаа хүнийг мартуулдаг шидтэй мөртлөө эргээд өнгөт мэт бүгдийг сэргээж бас найдвар төрүүлж чаддаг хүчтэй зүйл юм билээ. 1997 онд оюутан болж хайртай хүнрүүгээ яаран Улаанбаатарт хөл тавьж байсан охин – 2013 онд буцаад яг тэр хүнрүүгээ Улаанбаатар аас төрсөн нутагтаа эргэлт буцалтгүй хүүгээ хөтлөөд ирэх хувь тавилантай байж ээ. Хүүгийн минь аав ухаантай хүн байжээ тэр мэдэж байж. Хуримаа зааваа хийгээрэй гэснийг нь биелүүлж хэний ч хэл амийг үл тоон анхны хайртайгаа 36 насандаа хуримаа хийсэн. Хүүгийн минь аав үүнийг урьдчилж харсан мэт надтай хуримаа хийхгүй байж дээ. 42 нас минь. 2 хүүхдийн ээж гэр бүлийнхээ гэрийн эзэгтэй хайртай хүнийхээ цагаан халатыг угаагч жирийн нэгэн нягтлан бодогч эмэгтэй. Хүү минь надаас өндөр болжээ. Яг л аав болсон. Яг л миний дурлаж хайрлаж явсан насан дээр хүү минь иржээ. Охин минь 4 нас хүрэх нь… Хүүхэд өсгөх ийм байдгийг мартаж орхидог юм билээ шүү. Сануулж өгсөн охиндоо баярлалаа. Цагаан халаат нөмөрсөн ханьдаа баярлалаа. Анхны хайр хайсаар байгаад хаалга тогшин аз жаргал болж болдог юм билээ . Нутагтаа амьдрах хичнээн сайхан. Элэг бүтэн байх бүр сайхан. Аав минь мэнд дэргэд байх түүнээс сайхаан ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!