MngNews

“АЗЫН ДӨРВӨН БЭРХ” ӨГҮҮЛЛЭГ

“АЗЫН ДӨРВӨН БЭРХ” ӨГҮҮЛЛЭГ

С.БАТТУЛГА

Анужингийн сэтгэл нэг л тогтворгүй байж суух газраа олж ядан байлаа. Үнэхээр шалихгүй зүйлээс болж хадам эхдээ хэвтэрт ортлоо зoдуулсан өдрөөс хойш сая л нэг юм гарч орж ойр зуурын ажил хийхтэйгээ болоод байгаа нь энэ. Түүний нөхөр нь Фaк Мин өглөөхөн тариа ногооны ажилтай зэрэгцэн кимчи дарах цаг ойртсоныг хэлээд мухрын жижиг өрөөг цэвэрлэхийг тушаажээ. Тэгээд удалгүй бага сага юм цуглуулж ирэхээр эхтэйгээ цуг яваад арайхан ирээгүй байв. Тэднийх хөдөөх тосгонд амьдардаг тул долоо хоног бүр хот орж хэрэгцээтэй зүйлсээ цуглуулна. Тэр бүрийд нөхөр хадам ээж хоёр нь л голцуу явж. Анужин охинтойгоо гэрт үлдэнэ. Кимчи дарна гэдэг Анужингийн хамгийн дургүй ажлын нэг. Гэвч тэр хичнээн дургүй байлаа гээд ч яах билээ дээ. Хэрэв тэрээр энэ байдлаа ил гаргах юм бол хадам ээж нь түүн рүү түмпэн сав чулуудан Солонгосоор хараал урсгаж дахиад л бөөн хэрэг мандах нь гарцаагүй. Иймэрхүү явдал түүнийг энэхүү хүний нутагт бэр болж ирсэн тэр нэгэн өдрөөс хойш таван жилийн хугацаанд даанч олон тохиолдсон доо? Адаг сүүлд нь хадам эхдээ хэвтэрт ортлоо зoдуулж билээ. Тэр бүрийд түүнийг нөхөр нь өмгөөлж хамгаалсан удаа нэгээхэн ч үгүй санагдана. Харин ч дөрвөн жилийн өмнө охиныгоо төрсний дараахан нялх шахуу биетэй байхад хүү төрүүлсэнгүй хэмээн өөрт нь анх гар хүрсэн цагаас хойш олон ч удаа түүний гарын шүүсийг амссан даа.

Тэрбээр охиноо эвтэйхэн унтуулаад байшингийн мухрын хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй хог новш хадгалдаг өрөөг цэвэрлэхээр орлоо. Тэнд овоолоостой юмсаас чийг хөгзний үнэр үнэртэнэ. Хадам ээжийнх нь бололтой өмд гутал чихсэн хайрцагийг зайлуултал цаахан талд нэг л танил чемодан харагдлаа. Ахиулан харвал анх эх орноосоо өөрийн гэсэн зүйлсээ хийж ирсэн чемодан нь байлаа. Хэн хэзээ түүнийг энэ хог новшин дотор оруулж хаясан юм бүү мэд, Анужин тэр чемоданыг мартсан байснаа одоо харахад нэг л нүдэнд дулаахан санагдаж тоос шороог нь арчиж цэвэрлээд онгойлголоо. Ээжийнх нь наашаа явахад түүнд оёж өгсөн цэнхэр торгон дээл, дээлийн өнгө ус чийгэнд бүрзийн шарласан байлаа. Тэрээр ганцаараа хэсэг уйлан дээлийг тэвэрч сууснаа, гадаа салхинд гаргаж сэврээхээр авч бослоо. Гэтэл нэгэн зүйл дотроос нь торхийн унаж шалаар бутрах чимээнээр гайхан харвал өгөршиж өнгөө алдан бага зэрэг мөлийсөн дөрвөн цагаан шагай газар хэвтэж байв. Анужин салгалж чичирсэн гараар тэр дөрвөн шагайг түүж аван хамартаа дөхүүлэн үнэрлэлээ. Энэ дөрвөн шагайнаас нутгийнх нь салхи үнэртэх шиг болоход эх орон аав ээж, ах дүү, анд нөхдөө дурсан санаж, тэднийгээ ямар ихээр үгүйлэн, ганцаардаж байгаагаа улам ч ихээр мэдэрлээ. Өвөг эцэг нь төлгө тавихдаа энэхүү шагайгаар мэргэлдэг байж билээ. Тэрээр өөд болохынхоо өмнө түүнийг дуудаж, дэргэдээ суулгаад тамир тэнхэл нь барагдсан турь муутай гараараа толгойг нь илж духыг нь үнэрлээд “Миний охин энэ дөрвөн шагайг ямарч үед биеэсээ салгалгүй хадгалж яваарай” гэж хэлээд түүнд өгсөн юм.

Анужин тэр үед нэгэн дээд сургуулийн Солонгос хэлний ангид суралцаж байжээ. Тэгээд ч удалгүй сургуулиа төгсөж мэргэжлийнхээ дагуу ажил хайж байх үедээ Монголд ирээд байсан Фак Минд хэд хоног хөтөч орчуулагч хийснээр Анужин түүнтэй дотно танилцаж улмаар харь нутгийн бэр болсон билээ. Тухайн үедээ гадаад хүнтэй л суучих юм бол түүгээр тэтгүүлж ёстой л нөгөө найз нөхдийнхөө ярьдагаар тансаг сайхан амьдрахаас гадна ар гэр, ахан дүүс, аав ээждээ байнга мөнгө явуулж бие амар жаргана гэж мөрөөдөж явжээ. Тийм ч болохоор аав ээжийнхээ үг, ёс заншлаа ч үл ойшоон, гагцхүү Факын хүссэн бүгдийг гүйцээн урд хойно нь гүйсээр нэг л өдөр түүнтэй гэрлэлтээ батлуулсан юм. Анужин шагайг үнэрлэх тусам эх орон аав, ээжээ улам ихээр үгүйлэн санаж, чухам ганцаардал гэгч юу болохыг яс махандаа шингэтэл ухаарч байлаа. Тэрээр eрөөсөө ямар аргаар ч хамаагүй Монгол уруугаа буцъя. Аав ээж дээрээ очъё гэж хатуу шийдлээ. Гэвч түүний хүсэл биелэх үгүйг тэр мэдэхгүй байв. Нөхөр болон хадам ээждээ энэ талаар мэдэгдэх л юм бол дахин тэр талаар санахын ч хэрэггүй болох нь мэдээж. Учир нь Анужин аав ээж болон нутаг усныхаа тухай ямар нэгэн үг цухуйлгамагц тэд дургүйцэж бөөн хэрэг манддаг болохоор түүнд оргохоос өөр арга байхгүй байлаа. Дөрвөн шагайгаа биеэсээ ер салгасангүй. Хааяа хүн амьтангүй үед аль эсвэл шөнө орой хадам эхийгээ унтсан хойно охиноо тэврэн, ногооны хашааны дэргэд дээлээ дэвсээд шагайгаа орхиж үзнэ.

Гэвч тэр шагайгаар мэргэлдэг гэж мэдэхээс бус мэргээ яаж тайлдгийг нь мэдэхгүй байв. Харин өвөг эцгийнх нь дөрвөн бэрх буух юм бол хамгийн дээд төлөг тэр гэж хэлж байсан нь санаанд орж, хичнээн орхивч нэг ч удаа азын бэрх бууж байсангүй. Ийнхүү од түгсэн тэнгэрийн дор алтан гадас одоор зүг чигээ баримжаалан миний эх орон тэр зүгт л байгаа даа хэмээн ширтэж суухад түүнд хэнч үл саад болно. Нөхөр нь ойрдоо түүнийг хүн байна чинээ тоосон шинжгүй үдэш болгон хаа нэг тийшээ яваад өглөө үүрээр ирдэг болоод удаж байгаа билээ. Анужин нөхөр, хадам ээж хоёрынхоо хот орох өдрийг тааруулан юуны өмнө бичиг баримтаа тэдний нуусан газраас олж авчээ. Мөн аав ээждээ явуулах гэж таван жилийн хугацаанд нөхөр болон хадам ээжээсээ нуун байж хоол ундны мөнгөнөөс илүүчилж хураасан хэдэн воноо авч гэрээсээ гарав. Тэдний хажууханд нь байх цаасны үйлдвэрт ажиллаж буй нутаг нэгт эхнэр нөхөр хоёроос тусламж гуйхаар шийдэн тэдэн дээр охиноо хөтөлсөөр очлоо. Тэд Анужингийн яриаг нулимс дуслуулан байж сонсоод, өөрсдөө мөн олон жил Монголдоо очоогүй ар гэр ах дүү нутаг усаа ямар их санадаг тухайгаа ярьж, энэ харь хол хүний нутагт бид л бие биедээ туслахгүй бол хэн бидэнд туслах юм бэ хэмээн зөвшөөрч, Монгол явах онгоцны билет бичүүлж өгөхөөр боллоо… Өдөр хоног өнгөрсөөр, хүсэн хүлээсэн өглөө болоход нөхөр хадам ээж хоёр нь хот уруу явсангүй. Гэр зуур эргэлдэн өнөөдөр кимчигээ дарна хэмээн бөөн хөл болж эхэллээ.

Цонхоор гадагш харахад түүнд туслаж буй эхнэр нөхөр хоёр үйлдвэрийнхээ гадна машинаа нэг асааж, нэг унтрааж, тэднийх уруу байн байн харах нь Анужингийн адил сэтгэл түгшин байж ядан байгаа бололтой. Цаг явсаар л Анужин байж ядан дэмий л арга ядахдаа дөрвөн шагайгаа гарган нулимстай нүдээр ширтэж “ингээд монгол уруугаа буцах маань өнгөрдөг байжээ” хэмээн шивэгнэж шагай атгасан хоёр гараа нүүрэндээ наалаа. Гэтэл гадаа угааж цэвэрлэж тавьсан кимчи дардаг том шавар ваар нүдэнд нь харагдах шиг болж хэрвээ тэр ваарыг нь хагалчих юм бол нөхөр хадам ээж хоёр нь зайлшгүй шинэ ваар авч ирэхээр хот уруу явах болно гэж ухаарч, энэхүү бодолдоо догдолж басхүү айж түгшсээр гадагш гарлаа. Нөхөр, хадам эх хоёр байцааны хальс цэвэрлэж харагдана. Анужин тэднийг цааш харах зуур газраас жоотуу авч байдаг чадлаараа ваарыг хага цохилоо. Ваар хагарах чимээнээр хадам ээж нь муухай орилон түүнийг галзуурчихаж хэмээн хараал тавьж, харин нөхөр нь түүний нүүр лүү газар унатал нь дэлсэв. Тэд харааж зүхсээр бэлдсэн зүйлсээ муудахаас өмнө хотоос шинэ ваар авч ирэхээр машинаа асаан хөдөллөө. Урьд нь иймэрхүү явдал болоход Анужин хувь заяандаа гомдон цурхиртал уйлдаг байсан бол харин энэ удаад хүүхэд адил баярлан гэрт гүйн орж хамаг хувцсаа тайлж хаяад Монголоос өмсөж ирсэн дээл хувцасаа яаран өмсөж шагайгаа өвөртлөн охиноо тэвэрч, үйлвэрийнхээ гадна түүнийг хүлээж буй эхнэр нөхөр хоёр руу яаран алхлаа. Түүний бараанаар тэд ч машинаа асаан өөдөөс нь тосон ирж, нисэх онгоцны буудлын зүг яаран давхилаа. Тэднийг онгоцны буудал дээр ирж машинаа зогсоолд тавиад дотогш гүйлдэн ороход хүмүүс бүгд билетээ шалгуулаад дотогш орж байлаа.

Тусч сайхан сэтгэлт эхнэр нөхөр хоёр Анужингын хацар дээр үнсэж, удахгүй эх орондоо уулзахын ерөөл тавьсаар үлдлээ. Анужинд хойноос нь хэн нэгэн хөөгөөд ирэх юм шиг санагдаж байн, байн эргэж харан охиноо тэвэрсээр онгоцонд орж суулаа. Онгоц газраар хэсэг гүйсэнээ өндөр аван хөөрөхөд сая л нэг цээж дүүрэн амьсгаа авч ядарсандаа суудлаа налан зүүрмэглэлээ. Охин нь бөх гэгч нь унтсаар. Анужин сэрээх гэж оролдсон ч үгүй, Энд түүнийг ирнэ гэж хэн ч тосож хүлээгээгүй ч хамгаас түрүүнд эх орных нь сэрүүн тунгалаг агаар өлгийдөн авлаа. Анужин нутгийнхаа агаараар цээж дүүрэн амьсгалж онгоцны шатаар уруудсаар газар гишгэлээ, чухам энэ үед тэрээр эх орон гэгч юугаар ч орлуулшгүй ямар их үнэтэй зүйл болохыг сая ухаарч өөрийн эрхгүй газар сөхрөн суулаа. Онгоцонд орсон цагаасаа л баруун гарынхаа алганд чанга гэгч нь атгасаар явсан дөрвөн шагай нь түүний гараас мултран газар торхийн унаж, тэрүүхэн урд нь хэд өнхрөөд тогтлоо. Түүний нүдэнд нөгөө харь хүний нутагт буулгах гэж хичнээн ч оролдоод буулгаж чадаагүй азын дөрвөн бэрх газар буусан үзэгдэж, тэрхүү дөрвөн шагай өнгө орон гялалзаж байлаа. Анужинд энэ дөрвөн шагай л түүнийг нутагт нь аваад ирсэн юм шиг санагдаж байв… Аргагүй дээ, шагай нь хүртэл нутгаа санадаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!