“АЖИЛ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“АЖИЛ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Хоёулаа энэ асуудлыг эндээс гарч байгаад хүнгүй газар ярилцсан нь дээр байх. Би жаахан сууж байгаад гарна. Араас гараад ирээрэй гэж захирал хэлээд дуулахаар өндийв. Тэрээр баргил хоолойгоор тун эвлэгхэн: -Аялан дуулах чиний минь хоолойтой Адилхан өнгөөр уянгалан ганганаад Алаг нүдний сормуус шиг дэвээд Аглаг тал дээгүүр шувууд буцлаа гэж дуулах ажээ. Нэг мэдэхэд захирал алга болчихсон байлаа. Сарнай цүнхээ аваад түүний араас гарахад өрөөнд ажлынх нь дуулсаар хоцров. Өрөөний хаалга хүчтэй цохиход орон дээр цээж нөмгөн суух захирал Сарнай руу сэжиглэнгүй хараад: -Хэн бэ? гэж уурсангуй дуугарлаа. -Үйлчлэгч байна. Ариун цэврийн хэрэглэл өгье. Буйдан дээр туулай аятай хяран суух Сарнай гартаа атгасан шилэн аягын ирмэгээр мэлтэлзэх аpxи руу гөлрөн бодол болжээ. -Наадахаа уучих. Сэтгэл чинь тайвшраад сайхан болчихно гэж захирал аргадангуй хошуу цорвойгоод: -Уучих, уучих.

Маргааш жинхэлж байгаа хүн тэмдэглэх ёстой биз дээ гээд шахав. Дахиад хаалга цохив. Сарнай аягатай аpxиа ширээн дээр тавиад: -Үйлчлэгч яваг гэж хэлээд үүд рүү алхав. -Тийм ээ, тийм. Юундаа яарах вэ дээ гэж захирал бувтнаснаа унжсан гүзээгээ цүл цүл алгадаад илэв. Үүдэн дээр Сарнайгийн уулга алдах сонсдоод хаалга тасхийн хаагдлаа. Сарнай буруу харан ухарсаар өрөөнд орж ирмэгцээ сандал руу ухасхийн очоод цомцойн суулаа. Захирал өрөөнд орж ирсэн нягтлан бүсгүйн хилэнтэй царайг хараад уруул мушийлгаж: -Намайг мөрдөө юу? гэж янзгүй дуугарав. Нягтлан бүсгүй цүнхээ онгойлгоод гараа шургуулж нэг зүйл тэмтэрснээ: -Миний амьдралыг сүйрүүлсэн шигээ энэ охиноор бас тоглох гээ юу? хэмээн заналтай хэлэв. -Юугаа солиороод байгаа юм гээд захирал инээлээ. -Хайртай залуу маань чамаас болж намайг орхиж явсан. Одоо өөр бүсгүйтэй ханилаад хоёр хүүхэдтэй болчихсон жаргалтай амьдарч байна. Уг нь би тэгж амьдрах ёстой байсан юм. Чиний тарьсан балаг миний амьдралыг там болгосон гэж нягтлан бүсгүй хашхирлаа.

-Чи өөрөө л зөвшөөрч миний өвөрт ороо биз дээ. Ажилгүй болмооргүй байвал одоохон нүднээс далд ор гэж захирал шүд зуун өгүүлээд гар сунган ширээн дээрээс аягатай аpxийг аван нэг амьсгалаар хөнтрөв. Нягтлан бүсгүй хо хо гэж инээгээд Сарнай руу харж: -Чамайг жинхэлнэ, цалинг чинь нэмнэ. Уг нь ажлаас халъя гэж бодож байсан юм. Удахгүй тушаал дэвшүүлнэ гэж ярьж байна уу? Надад ч бас анх тэгж хэлж байлаа. Хүний дутаж, гацаж яваа амьдралаар боомилж, ингэж нааддаг нoвш, эрийн оронцог байгаа юм гэж нүд нь гялалзан хорсолтойгоор ярьлаа. -Өмхий амтай, шyлам. Чамайг халлаа. Одоо эндээс гар гэж захирал бачимдан уурлахад нягтлан цүнхнээсээ гap бyy гаргаад ирэв. Захирал өөр рүү нь чиглэх бyyны ёлтойсон ам руу итгэлгүйхэн харснаа: -Чи чинь галзуураа юу? Бyyгаа далд хий. Наадах чинь тоглоом биш гэж сандран хэлээд орон дээгүүр арагш бөгсөөрөө ухрав. Нягтлан түүний биеэ хумьсан хөнжлийг хуу татан аваад бyyтай гараа ороож:

-Ингэхээр чимээ сонсогддоггүй гэж кинон дээр гардаг бил үү гэлээ. Нягтлан бүсгүйн яахаас ч буцахгүй догшрон үсчих нүд, үзэн ядсан шийдэмгий байдлыг харсан захирлын хулхи тэр дороо бууж: -Хүчээр юуг ч шийдэхгүй. Болоод өнгөрсөн явдал эргэж ирэхгүй. Хоёулаа сайхан ярилцаж учир зүйгээ олъё. Чамд юу хэрэгтэй байна, түүгээр би тусалъя гэж хоолой цахиртуулан бувтнав. -Олон бүсгүйчүүдийн амьдралаар тоглосон чам шиг хөгийн зyлбасгыг дэлхий дааж яваад итгэмээргүй юм. Чиний хувьд ингээд амьдрал төгслөө. Чиний үзэх сүүлийн хүн чинь би тул намайг сайн харж ав гээд нягтланг буугаа өргөхөд захирал: -Амь өршөө, намайг битгий aлaaч дээ. Би дахиж ингэхгүй. Амлаж байна. Намайг битгий aл л даа. Би амьдармаар байна гээд эхэр татсаар мэгшин уйлав. Нүднээс нь том том нулимс бөмбөрөн урсаж байлаа. Сандлын буланд шигдсэн Сарнай арчаагаа алдан мэлмэрүүлэн уйлах захирал, буугаа гозгонуулан хялалзах нягтлан хоёр руу ээлжлэн харж, өрнөж буй явдалд итгэж ядан бүлтэгнэх ажээ.

Нягтлан түүн рүү хараад: -Юм хумаа ав. Явъя гэхэд тэрээр оглохийн босож цүнхээ шүүрч аван үүд рүү харайлгав. Түүний хойноос гарахдаа нягтлан бyyгаа захирал руу чулуудахад цаадах нь толгойгоо тэврэн муухай бахирав. Өмнө нь гар бyy пидхийн уналаа. Тэрээр гар бyy руу хэсэг гөлрөн сууснаа нусаа шорхийн татаад бyyг авч гохон дээр дарахад амнаас нь гал манасхийн асчээ. Захирал газар ойчсон хөнжлийг аваад уртаар санаа алдлаа. Гудамжаар алхаж явахдаа Сарнай нягтлан руу харж муухан инээмсэглээд: -Ингээд та бид хоёр ажилгүй боллоо гэж харамсангуй хэлэв. Нягтлан түүний гараас атгаад: -Угаасаа би гаръя гэж эртнээс төлөвлөчихсөн байсан юм. Энэ компанийн үйл ажиллагааг би хангалттай мэднэ. Намайг компани байгуулвал чи манайд ажилд орох уу? гэлээ. -Мэдээж шүү дээ. -Чи сая тэр хyлчгар нoвшийн нулимсыг харав уу? Нулимс нь хүртэл томдчихсон байгаа юм шүү. Хоёр бүсгүй тасхийтэл инээлдсээр гудамж эргэн далд орлоо. Жогноогийн Бямбасайхан 2019.12.14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!