“ААВЫН ОХИН” ӨГҮҮЛЛЭГ

“ААВЫН ОХИН” ӨГҮҮЛЛЭГ

Б.САРАНТУЯА

Тэд яг бие биенийхээ өөдөөс харж зогсоно. Хоорондоо усны дусал шиг адилхан эрэгтэй эмэгтэй энэ хоёр хүнийг ямархан хувь тавилангийн салхин тусгаарлан байгаад энд уулзуулсан юм болоо. Хажуугаар өнгөрөх автобусны сигнал үглэн гинших мэт тэсэхүйяа бэрхийг авч ирэн цаашлана. Хөл хөдөлгөөн ихтэй явган хүний замаар яарсан, сандарсан, аль эсвэл хийх зүйлээ олж ядсан гээд олон хүмүүс хөлхөн өнгөрдөг. Зөрж өнгөрч байгаа хүмүүсийг хэн болохыг мэдэхгүй шиг тэд бас бие биенээ сайн мэдэхгүй. Гагцхүү нэг нь л энэ хүн миний аав гэдгийг яг таг мэдэж байлаа. -Би тантай уулзах гэсэн юм -Чи чинь хэний хүүхэд билээ? -Та танихгүй байна уу? Би таны охин чинь байна. Гэрлээ ингэж хэлэхдээ хоолой нь үл ялиг чичигч, зүрх нь хүчтэй булгилж байлаа. Хорин хоёр жилийн хүлээлт, хорин хоёр жилийн аав гэж дуудах хүсэл нь түүнийг энд авч ирсэн юм. Яагаад ч юм аавынхаа тухай ээжээсээ асуусаар байгаад залхааж гүйцсэн, уулзах гэж яарч хүсч байсан хүн нь өөдөөс нь хараад зогсож байгаа нь худлаа ч юм шиг.

Тэгээд ч уулзах газраа олсон юм шиг олон шуугисан автобусны буудал дээр байхдаа яахав дээ. Тэрээр аавтайгаа уулзах тэр мөчийг сэтгэлдээ төсөөлөх болсоор удсан билээ. Яг үнэндээ ааваа гэж дуудаж байсан өдөр хоногууд түүний амьдралд бараг байхгүй. Бага насны бүдэгхэн дурсамжинд нь амилан ирсэн аав гэдэг тэр хүний тухай бүүр түүрхэн санагддаг ч яг тийм ийм гээд оноогоод хэлчих дүр төрх үлдээгүй юм. Харин тэрээр өөрийн аавийг энэ хүн мөөн гэж яг таг мэдэх болсны учир нь нэгэн явдалаас улбаатай. Сургуулийн цайны газарт найзуудтайгаа дугаарлан зогсож байсан үед ард нь нэг хүн ирж зогссон юм. Араас халуу төөнөн яг л халуун зуух шарж байгаа мэт мэдрэмж түүнд төрж амьсгал нь мэдрэгдэх шиг болсон. Эхэндээ ямар ойрхон зогсдог юм бэ хэмээн дургүйцэн бухимдангуйгаар эргэж харахдаа цочиод хэсэгтээ л таг болчихсон юм. Яг өөртэй нь адилхан, өөрийгөө тэр мэднэ.

Өглөө болгон толинд хардаг өөрийнхөө дүр төрхийг, өнгө оруулан засч гооддог царай зүсээ эмэгтэй хүн сайн мэднэ. Өөрийнх нь толинд хардаг тэр дүр төрх яг ард нь өөдөөс нь хараад зогсож байлаа. Гэрлээ ургаш хараад хэсэг учраа олохгүй мэнэрэн байснаа дугаарлахаа больж өмнөө зогсож байсан найз охиндоо миний толгой эргээд байна найз нь сууж байя гэж хэлээд зоогийн газрын ширээний ард сандал дээр очиж суулаа. Нөгөө хүнийг харц салгахгүй араас нь харсаар. Өндөр янхигар биетэй, царай зүс дотно сайхан, яг өөр шиг нь жижигхэн хирнээ цанаа л сайхан нүдтэй, эмэгтэй хүнд л баймаар жирэвгэр хөмсөгтэй, сахлаа үл ялиг ургуулсан, жигд цэвэрхэн хувцасласан, үнэртэй усны ч юм уу нэг л сайхан дотно үнэр сэнгэнүүлсэн тэр хүнээс харцаа салгаж чадахгүй байлаа. Хэлж ярихыг нь үйл хөдлөлийг нь тэр нэг нэгэнгүй харсаар. Тэр ямар ч гэсэн аавтай гэдгээ мэднэ. Нэрийг нь мэднэ.

Хөдөлж ярьж байгаа нь. Баруун хөлөн дээрээ тулж зогсон зүүн хөлөө сэгсэрч байгаа нь яг мөн. Гэрлээ бас баруун хөлөөрөө тулаад зогсохдоо зүүн хөлөө сэгсэрдэг зуршилтай. Найзууд нь ч энэ занг нь мэдэх тул түүнийг шоолдог байлаа. Харин тэр мөчид хамт явсан уу нэгэн хүн аавынх нь араас Дорждэрэм гуай хэмээн дуудсаныг сонсоод тэр мөн гэж өөртөө чангаар хэлсэн юм. Тэр үед яагаад ч юм уулзаж чадаагүй өнгөрсөн нь балмагдсан, ичсэн, за тэгээд гомдсон гээд өөр ямар ч шалтгаан байж болох. Гэрлээгийн аавын тухай дурсамж тун бага. Ямартаа л өөрт нь сайхан загнасан хүнийг ааваа гэж дуудахад тэр бэлэн байдаг байлаа. Харин дараа нь тэр хүний араас дагаж явсаар асууж сурагласаар сургуулийнх нь ойрхон байдаг нэгэн сургуульд багшилдаг болохыг нь мэдэж авсан билээ. Тэгээд ч зогсохгүй ээжээс нь хойш олон эхнэр авсан ч дандаа бүтэлгүйтэж салж сарнисан, олон өнчин хүүхдийг үлдээсэн гээд аавынхаа тухай олж мэдсэн бүхнээ тэр ээжээсээ тас нууж байсан юм. Ээж нь яагаад ч юм аавынх нь тухай дурсан ярих дургүй байсан.

Гэрлээ аавынхаа дандаа явдаг замыг сайн мэднэ. Завсарлагаанаар сургуулийн цайны газарт аав нь орж ирэн халуун хоол оочлон хөлсөө гарган сууж байхыг нь тэр далдаас хардаг. -Хөөрхий дөө аав минь ядарч яваа юм болов уу даа дэргэд нь байж аяга шөл ч болов хийж өгөх боломж байхгүй хэцүү юм даа, хувцас нь жаахан үрчийчхээ юу даа индүүдэж өгөх хүүхэдгүй л яваа юм байх даа гэж таарах болгондоо л аавыгаа харан ямар нэгэн зүйлийг бодон баярлах, өрөвдөх сэтгэл зэрэг төрдөг байсныг нуух юун. Харин тэр аавтайгаа уулзах зоригоор л ямагт дутуу бас бэлтгэлгүй явдаг байлаа. Харин удаан бодсоны эцэст нэгэн өдөр зориг гарган аавтайгаа уулзахаар шийсэн нь түүнийг энд авч ирсэн юм. -Чи чинь хэний хүүхэд билээ? -Танихгүй байна уу? Би таны охин байна. Гэрлээгийн хоолой үл ялиг чичирч байсан ч удаан бэлдсэн болхоор өөртөө итгэлтэйгээр энэ үгийг хэлсэн юм. Дорждэрэм үл ялиг гайхсан янзтай Гэрлээг ширтэн байснаа гайхсан, ичсэн өнгөөр дахин лавлах нь:

-Хэний хүүхэд гэнээ? -Би таны хүүхэд. Таны охин байна аав аа. Тантай уулзах гэж би яасан их хүлээв ээ… хэмээгээд цааш дуржигнуулах гэтэл: Чи хэнийх нь хүүхэд вэ? -? Ээжийнхээ нэрийг хэл дээ, хэнийх нь хүүхэд вэ. Тийм ээ тэр олон хүүхэдтэй. Олон ч эхнэрт хүүхдээ үдээж олон ч хүүхдийг өнчрүүлэн орхисон нэгэн байлаа. -Ээж чинь хэн бэ? Ээжийнхээ нэрийг хэл дээ. Гэрлээд үнэхээр утгагүй санагдлаа. Тэр аавдаа хэлэх гэж энэ үгсийг сэтгэл догдлон бэлдэж байхдаа хариу юу гэж хэлэх бол гэж олон хоног догдлон бодсон.–Өө миний охин чи юу? Аав нь чамтай уулзахыг хичнээн их хүлээв ээ хэмээгээд цээжиндээ нааж үнсэх байх, аль эсвэл харж харж байснаа надтай ямар адилхан юм бэ гээд нэгийг бодон нүдэнд нь нулимс цийлэгнэх байх гэж олон янзаар төсөөлөн бодохдоо жаргалтай байсан юм. Харин саяын асуултанд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Балмагдсандаа ээжийнхээ нэрийг хэллээ. Тэр ээжийнхээ нэрийг хэлчихээд ичсэндээ, гомдсондоо буцаад гүйчихмээр л байлаа. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!