“ААВЫН ЗҮРХНИЙ НУУЦ” ӨГҮҮЛЛЭГ
Д.ГАНЗОРИГ
Дэмчиг өдгөө 60 насыг өнгөрч яваа хөгшин. Залуу халуун насандаа ааг омгоор бялхаж алдаж онож явсан удаатай ч одоо тэрбээр насаараа хөдөлмөрлөсөн гавьяаны амралтаа эдлээд дутагдаж гачигдах зүйлгүй санаа амар, тайван амьдарч буй. Түүний охин Анужин одоо 40 нас хүрч яваа ч хайртай аавынхаа буянаар мэдлэг боловсрол дээгүүр, өв тэгш бүсгүй болон хүмүүжжээ. Дэмчиг ийнхүү гадаа зогсох нь охиныгоо хүлээж буй аж. Охин нь тусдаа гарч өөрийн гэсэн амьдралтай болсон хэдий түүнд бага балчир хэвээрээ мэт санагдаж заримдаа ийнхүү ажлынх нь гадаа хүлээж байгаад хүргэж өгдөг байв. Анужин ажлаасаа гарч ирэнгүүтээ л яг л жоохон охин шиг аавдаа гүйж ирж үнсүүлээд: ~Таныг ярихаар чинь санд мэнд ажлаа орхиод гараад ирлээ. Ээж сайн уу? Таны бие тэнхээ сайн биз дээ. Охин нь ажилдаа дарагдаад ойрдоо очиж чадсангүй гэж ярих зуураа аавынхаа халаас руу гараа шургуулж гарыг нь хөтлөн атгалаа. Дэмчиг: ~Бид нар сайн. Хоёр дүү нь Америкаас байнга ярьж байгаа. Дүү нараа өдий зэрэгтэй авч явж байгаа нь миний охины л ач шүү дээ. ~Тэгэлгүй яахав дээ аав минь. Дүү нараа айлын том эгч би л харж хандахгүй бол хэн өөд нь татах билээ. Та хоёр минь намайг ийм сайхан өсгөж өгч байхад гээд хэсэг чимээгүй болсноо: ~За тэр яахав. Хоёулаа өмнөхийн адил алхах уу? Тантай алхах ч сайхан байдаг шүү. Эсвэл охинтойгоо гоё хоолонд орох уу?
~Хэрэггүй дээ. Аав нь хүргэж өгөхөөр ирсэн юм. Зүгээр л хамтдаа алхья. ~Таныг мэдсэн юмаа. Тийм болохоор л би жолоочоо явуулчихлаа. Аав охин хоёр ийнхүү ярилцаж хөтлөлцөн алхлаа. Замдаа хотын өнгө үзэмжийг сонирхож элдвийг ярилцана. Дэмчиг цаг агаарыг урьдаас мэддэг юм шиг л дандаа сайхан өдрийг сонгож охиноо хүргэж өгдөг нь гайхалтай. Дэмчиг залуу явахдаа нэг удаа алджээ. Залуусын хөөцөлдөөд авч сууж чадаагүй үйлдвэрийн ажилчдын сор болсон бүсгүйг эхнэрээ болгов. Гэвч тэр бүсгүйн хөл нь хөнгөн, сэтгэл нь хийсвэр тогтож өгдөггүй байв. Сүүлдээ Дэмчигийн хураасан хөрөнгийг хуу хамаад залуу хархүү дагаад гүйсэн нь түүнийг аpxинд ороход хүргэсэн аж. Эхнэрээсээ салаад хэсэг хугацаанд аpxинд орж ажлаасаа гараад орох оронгүй болохдоо ч бэлэн болсон байлаа. Харин түүнд өлгийтэй бяцхан охин заяасан нь түүнийг дахин хөл дээрээ босох итгэлийг төрүүлжээ. Охин Анужингаа өсгөх гэж хамаг чадлаараа л зүтгэнэ. Азаар түүний хуучин ажлаас найз нөхөд нь дэмжсэний хүчинд буцаж ажилдаа орсноор амьдрал нь ч дээшилж эхэлжээ. Залуу насандаа эр хүн аль алдахыг тэр гэхэв. Харин удалгүй хэдэн жилийн дараа тэр энэ насны үүрдийн хань болох Удвалтай танилцаж гэр бүл болсон бөгөөд Удвал нэг хүүтэй байлаа. Хоёр талаас нэг нь хүүтэй, нэг нь охинтой нийлсэн ч тэдний амьдрал торох юмгүй дээшилж байв. Удвалтай хань болсноор тэдний дундаас дахин нэг хүү мэндэлж өнөр өтгөн гэр бүл болов.
Удвал хэзээний ааш зан сайтай, илүү дутуу үггүй сайн хань.Анужин, Дэмчиг хоёр алхсаар охиныхоо гэрийн гадаа ирэхэд: ~Аав аа. Би энэ удаа ялах болов уу? Та юу гэж бодож байна гэж асуув. Дэмчиг чимээгүй бодол болон зогсоод: ~Тийм ээ ялна. Заавал ялна. Одоо миний охин ор доо. Аав нь такси бариад харьчихья. ~Та орохгүй юм уу? ~Үгүй дээ. Аав нь эртхэн гэрээдээ явья. Ээж нь ганцаардаж байгаа. ~За тэгвэл болгоомжтой яваарай. Ээжид мэнд хүргээрэй гээд Анужин орц руугаа орлоо. Дэмчиг ийнхүү бодол болон зогсоно. “Тийм ээ. Миний охин заавал ялна. Тэр өдөр цэцэрлэгийн хашааны дэргэд cогтуу толгойлон сууж байхдаа охиныхоо уйлах чимээнээр цоо эрүүл болж билээ. Тэрхэн үедээ охиноо олохдоо их л айж билээ. Хөөрхий Удвал минь ч энэ тухай мэдэхгүй. Учрах л ёстой байж дээ. Энэ аавынх нь ЗҮРХНИЙ НУУЦ юм шүү дээ. Миний охин ялах гэж л энэ орчлонд аавдаа ирсэн. Ерөнхийлөгч болоод улс орондоо ихийг хийж бүтээгээрэй” хэмээн амандаа бувтналаа.