MngNews

“ААВЫГАА ЭХНЭР АВАХУУЛАХГҮЙ ГЭЭД 30 ЖИЛ АМЬДААР НЬ ХАТААСАН ДАА” НУЛИМСТАЙ УНШЛАА

“ААВЫГАА ЭХНЭР АВАХУУЛАХГҮЙ ГЭЭД 30 ЖИЛ АМЬДААР НЬ ХАТААСАН ДАА” НУЛИМСТАЙ УНШЛАА

Jargalsaihan Sanzai

Өнөөдөр би их таагүй зүйлтэй таараад сэтгэл өвдөхдөө энэ нийтлэлийг бичихээр шийдлээ. Хорь гаруй насны зүс таних залуу аавтайгаа хамт алхаж байснаа аавынхаа ар нуруулуу лүгхийтэл цохьчихоод яваад өглөө.

Хөөрхий аав нь толгойгоо барин хэсэг зогссоноо түрийвчээ дэлгэн харсанаа хүүгийнхээ араас дуудах юм. Бодвол мөнгө нэхэж л уурласан байх даа! Ёстой л өмнөөс нь ар нуруу зүрх хоёр шархирч өвдөх шиг боллоо.

Барьж аваад зoдчихмоор л санагдлаа. Өөрийн хүүхэд байсан бол нэг сайн хашраагаад өгмөөр л байлаа. Үүнийг хараад Ажаагаа /аавыгаа тэгж дууддаг байсан/ их саналаа. Тэр ахыг ч өрөвдөж л байлаа. Магадгүй тэр залуу энэ нийтлэлийг харж байгаа бол Чи дэндүү тэнэг байна шүү!

Аав гэдэг ахиж олддоггүй нөмөр нөөлөг байдаг юм. ХАЙРЛА Л ДАА л гэж хэлмээр байна! Тэр залуу намайг таньж байгаа!!! Би чамтай зөрөхдөө их муухай харсан! Чи санаж байгаа!!! Өөр би яах ч билээ!

Би айлын ганц өргөмөл охин. Намайг долоон настай байхад ээж минь өөд болж Ажаа минь ханьгүй, би ээжгүй 43 жил аавтайгаа амьдарсан. Гэхдээ Ажаа минь ханьтай болох боломж байсаан! Намайг 9 настай байхад нутгийн нэг сайхан эгч манайхаар орж гарч Ажаа бид хоёрын хоолыг хийчихээд хиртэй хувцасыг минь угаачихаад явдаг байлаа.

Ажаа маань түүнийг ирэхээр нэг л ер бусын сайхан зантай хөнгөн шингэн болдог байсныг одоо ч би санадаг. Харин миний сэтгэлээс ээж минь гарахгүй тэр эгчийг бүтүүхэндээ үзэн яддаг байлаа.

Нэг удаа Ажаа маань Миний охиоон! Хоёулаа ээжтэй болъё! Энэ ирээд байгаа эгчтэйгээ гурвуулаа амьдарья тэгэх үү гэхэд би гэдэг тэнэг амьтан учиргүй уурлаж -Үгүй! Үгүй! би тэгвэл та хоёртой амьдрахгүй!

Та өөрөө энэ эгчтэйгээ амьдар! Би явлаа! гээд нүдээ бөлцийтөл уйлж аавыгаа зовоосон юмдаг. Тэр өдрөөс хойш тэр эгч манайд ирээгүй ээ! Ажаа маань ч энэ тухай дахиж дурсаагүй. Тэгэхэд Ажаа 64 настай байсан.

Ингэж би Ажаагийнхаа сэтгэлийг хөг, даль жигүүрийг хугалж, цайгаа хуваагаад уух ханьгүй 30 гаруй жил амьдаар нь хатаасан хүн дээ! Түүнээс хойш Ажаа маань намайг хөтлөхдөө хөтлөж үүрэхдээ үүрсээр 30 жилийг ардаа орхисон байсан.

Ажаа шагай сайхан харвана. Хаана шагайн тойром болно тэнд намайг дагуулаад л явдаг байсан. Бас болоогүй ээ би ах нарт, майханыхандаа хоол ундыг нь хийж өгөөд 20 төгрөг авна тэр үед бол их мөнгө шүү дээ.

Шагайн тойром тэр үед байгалийн хамгийн үзэсгэлэнт газар болдог байлаа. Шагайн харваа эхлэхээр хүүхдүүд уул хадаар зугаална. Өндөр хадан дээр суугаад доошоо харахад хонхор тэр чигээрээ цэцэг ургаад хонов уу гэлтэй эрээн майханууд асарлаатай байдагсан.

Тэндээс уухайн түрлэг уул ус дамжин хангинаж олон сайхан ах нар Хашлага сумаа бариад гал галд зочлон байх нь наадам болж байгаа юу гэлтэй өнгөлөг сайхан санагддаг байлаа. Магадгүй тэр уухайн түрлэг намайг номонд, дуу хууранд урин дуудаж, уяраан тайвшруулж, хүсэл мөрөөдөлд минь хөтөлж байсан ч байж болох юм.

Одоо нэг шагайн сайхан тойром зохион байгуулчих юмсан л гэж бодож явна. Миний Ажаа маш нямбай, худлаа хэлнэ гэж огт байхгүй, санхүүгийн тооцоон дээр бол Мэргэшсэн НЯ-БО л гэсэн үг. Бүх юм төлөвлөгөөтэй, Хуримтлалтай байдаг байлаа.

Авдранд 12 мөнгөний дэвтрийн завсар “Хоол ундны мөнгө”, “Нүүрс түлээний мөнгө,” “Яарсан үед хэрэглэх мөнгө” “Эм авах мөнгө” гээд л бүгдийг бичээд хадгалдаг байсан гээд бод доо! Хааяа тэр мөнгөнөөс нь шомбодоод баригданаа. Намайг загнахгүй.

Харин “ЧИ МАРГААШАА XУЛГАЙ ХИЙЛЭЭ” гээд дуугаа хураачихна. Аавыгаа буцсанаас хойш харин надад авдраа уудлаад “шомбодох” мөнгөгүй, хоол голж уурлах боломжгүй л болсон доо! Нутгийнхан мэднээ! Наваансанжаа гэдэг хүний талаар дурьдвал олон сайхан дурсамжууд нутгийн ард түмний амнаас хөвөрдөг.

Энэ тухай уншигчид “Ажаа бид хоёр” бэсрэг дурсамж номноос минь уншаарай! Ажаа маань 94 нас хүрсэн намраа хэвтэрт байхдаа надад ингэж хэлсэн юм… Ажаа нь үxэж өгөхгүй хоёрын хооронд хүүгээ тамлаад ажил ч хийлгэхгүй зовоож байна даа.

Насны танагтайд би ханьтай болсон бол чиний нуруун дээрхи ачаа хөнгөрөх байсан юм даа. Чи ингэж миний өвдөгийг дэрлэж олон шөнө нойргүй хонохгүй л байсан. Би ганц өөрийнхөө жаргалыг ч бодоогүй ээ! Элэг бүтэн амьдралаар амьдаръя л гэж бодсон.

Даанч чи зөвшөөрөөгүй! Хүн ганцхан удаа л амьдарна. Болж л өгвөл өөрийгөө, өөрийнхөө хайртай хүмүүсээ жаргалтай байлгах хэрэгтэй.Тэр үед хоёулаа ээжтэй болсон бол дахиад 30 жил сайхан амьдрах хугацаа надад байж шүү дээ!

Гэхдээ би чамайг буруутгаагүй ээ! Зүгээр л цаг хугацааны үнэ цэнэ, сэтгэлийн үнэ цэнэ, амьдралын үнэ цэнийг л ойлгуулах гэсэн юм гэж билээ. Энэ үг миний Ажаагийн намайг зэмлэсэн сүүлчийн зэмлэл байсан.

Одоо хир би харуусч өөрийгөө зэмлэж явдаг даа! Одоо нас яваад толгой дээр бүх амьдрал буугаад ирэхээр ажаатайгаа байсан бүх амьдралаа эргэн дурсаж алдаа оноогоо цэгнэж сууна. Одоо халаглаад ч яах юм билээ! Эргээд ирэх биш, тэврээд үнсэх биш, Уучлах биш дээ!.

Тэр үед нь би ТЭГЬЕ гээд хэлчихсэн л бол Ажаа маань сэтгэл санаа өөдрөг сайхан амьдарч илүү урт наслах байсан байх даа! л гэж хамгийн их харамсдаг. Ганцаараа сэтгэл гундуухан тэр олон жилийг яаж туулсан бол гэж бодохоор л аймаар санагддаг.

Ажаа минь надад хорогдоод гол тасарч өгөхгүй их зовсон доо! Эцсийн удаа хүчээ шавхаж өндийснөө гараас минь атгасан чигээр хорвоогоос явчихсан. Одоо хир нь тэр атгасан гарынх нь халуун ядарсан цагт сэтгэл бүлээцүүлж халуу дүүгэх шиг болдог.

Өнөөг хүртэл би Ажаагийнхаа буян хишиг ухааны цараар хэнийг ч царайчлахгүй амьдарч байна. Энэ миний эцгийн бурхан ухаан. Энэ түүхийг дурдасны учир гэвэл энэ ертөнцийн хүн бүхэн аав гэдэг эрхэм хүний дотоод сэтгэлийг нээж хайраар дүүргэж яваасай.

Эр хүн тэр болгон дуугараад шалчигнаад байдаггүй ч баяр гомдлоо дотогшоо залгиж өөрөөгийгөө үрийнхээ төлөө үрж явдаг юм шүү! Байгаа дээр нь багахан ч гэсэн баярлуулаарай! гэдгийг л хэлэх гэсэн юм. Тийм ээ! Миний аав, таны аав энэ орчлонгийн хамгийн хүчтэй баатар. Хамгийн дулаан нөмөр нөөлөг цорын ганц үнэнч эр хүн чинь юм шүү! Аавыгаа л хайрлаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!