“ААВДАА БАРЬСАН БЭЛЭГ” ӨГҮҮЛЛЭГ
“ААВДАА БАРЬСАН БЭЛЭГ” ӨГҮҮЛЛЭГ
Б.ДАШ
Би улирлын тайлангаа гаргаж дуусгаад, оройн сэрүүн орж бүрэнхий болсон хойно найзынх руугаа очихоор, ажлаасаа гарлаа. Тэднийх гэр хороололд байх тул оройтвол сайн мэдэхгүй газар руу явж байгаадаа сэтгэл жаахан тийм ч энэ өдөр түүний утаснаас надад олон дахин ирсэн учир битүүлэг дуудлагын учрыг олохоос нааш миний санаа амрахгүй байлаа. Манай ажлаас нэг их холгүй тул би алхахаар шийдсэн юм. Зуны орой ч тэнгэрт хар бараан үүлс хуралдаад гадаа аль эрт харанхуй орчныг бүрхжээ. Хэд алхаад л гудамжны шонгуудад гэрэл асаалттай ч ёлтойсон юмнууд байх тул бараг байхгүй байсан нь ч дээр юм шиг. Хүнд нэмэргүй юмнуудыг өлгөж хий дэмий үргүй зардал гаргах гэж бодогдоно. Гэнэт надад “бороо шаагитал асгаад буцаж харьж чадахгүй бол яана” гэсэн айдас нөмөрч ирэв. Гэсэн ч жаахан охинтойгоо амьдардаг ядруухан багын найз минь нүдэнд харагдаж түүний тухай өдөржин бодсон бодол минь толгойд зурсхийн орж ирээд надад буцах эрх олгосонгүй. Хөл гараа хаана гишгэж байгаагаа ч мэдэхгүй шахам элдэв бодол, айдаст дарлуулан алхсаар нэг л мэдэхэд найзынхаа хашааны үүдэнд ирлээ.
Гудамжны гэрэлд нэг хүүхэд унтаж байгааг олж хараад айх гайхах зэрэгцэн хойш ухраснаа утасныхаа гэрлийг тусган харвал найзын минь таван настай охин мөөн. Элгэндээ цаас тэвэрчихжээ. Унтаастай чигээр нь өргөн тэврэхэд нэгэн хүндхэн зүйл миний хөл рүү унав. Би охиныг тэврээстэй чигээрээ доош тонгойн авбал гар утас байлаа. Охин миний эв хавгүй хөдөлгөөнд гэнэт сэрээд “аав, аав та ирчихсэн үү?” гээд миний нүүр амыг гараараа тэмтэрч үзэхэд нь би “Жасмаа миний охин сэрээрэй. Эхлэлт эгч нь байна “гэхэд “аан” гэж уйлганаснаа чимээгүй болчихов. Бид хоёрыг гэрт ороход Жасмаа дуу муутайхан нугдайн суугаад юу ч дуугарахгүй байсанд би гарт нь бариастай зургийг авч үзвэл аавыгаа, ээжийгээ бас өөрийгөө зураад цаасны дээд буланд “Аав, ээж, би” гэж бичжээ. Би зургийг харангаа “Миний охин чинь ямар мундаг юм бэ? Үнэхээр сайхан зуржээ” гэсэнд “Би бас зөндөө аравнайлсан” гэв. Би гайхан “яаж” гэж асуухад “Би энэ зургийг аавын төрсөн өдрөөр зурсан.
Түүнээс хойш өдөр бүр үнсээд л ,зурагтай нь яриад л байсан. Бас ээжийн өмнөөс аавыгаа зөндөө их үнссэн. Та харж байна уу? Аавын хацар уруулын будаг болчихсон байгаа биз” гэж дуу муутайхан өгүүлэхэд нь “Ээжийнхээ өмнөөс үнсэхдээ уруулаа будсан байх нь. Яасан хөөрхөн юм бэ?” гэж бодохоор л хоолойд юм тээглээд нулимс цийлэгнэж ирээд болохгүй байлаа. “Өчигдөр хажуу айлын эгч нар өнөөдөр аавуудын баярын өдөр гэж хэлсэн. Би өглөө ээжийн утсаар аавыгаа заавал ирээрэй гэж гуйсан. Энэ бэлгээ өгөх гэж. Аав ирнэ гэсэн ч…” гэж хэлээд өмөлзөн уйлахад нь нулимсаа барьж дийлсэнгүй. Хоёулаа жаахан уйлж суув. Ээж нь ээлжийн ажилдаа явсан. Хажуу айлын хүүхдүүд зуны амралттай тул охиноо тэдэнд захиад гэртээ үлдээжээ. Өглөө ээжийгээ ажилдаа явахад нь аавтайгаа утсаар ярих гэж утсыг нь нуугаад авч үлдсэн гэнэ. Би “Миний охин эгчийнхээ утас руу залгасан уу?” гэхэд “ Тийм. Аавын утас руу залгасан. Нэг эгч аваад загнаад байхаар нь би таныг том хүн болохоор нь өмнөөсөө яриулах гэсэн юм.
Гэсэн ч би танд хэлэхээсээ бас л айгаад, залгаад л салгаад байсан. Та ээжид хэлж болохгүй шүү” гэлээ. Надад хэлэх үг олдсонгүй. Хурдхан Жасмаад бэлтгэж авчирсан бэлгээ цүнхнээсээ гаргаж өгөөд, түүний баярлан нүүрэнд нь бага ч гэсэн инээмсэглэл тодрохыг харж суулаа. Найзын минь нөхөр жилийн өмнө манай ажлын нягтлан Норон гэж хүүхнийг дагаад энэ хоёрыг орхиод явчихсан юм. Тэр нь бас Жасмаатай нас чацуу охинтой. Норон бид хоёр нэг өрөөнд хамт суудаг. Тэрээр ярихдаа охиноо Жасмаагийн аавын охин гэж хэлэх ч би үнэмшдэггүй юм. Өнөөдөр охин нь ээжийнхээ ажил дээр ирээд надад “Би аавдаа бэлэг авсан. Энэ…” гээд үнэтэй үнэртэй ус ээжийгээ өрөөнөөсөө гарсан хойгуур надад үзүүлж байсан юм. Би жаахан хүүхэд болохоор нь өхөөрдөөд “Яасан мундаг хүүхэд вэ? Аавдаа бэлэг авахаа мэддэг гэж” хэлэхэд “Их үнэтэй. Та хэдэн төгрөг гэж бодож байна “ гэлээ. Намайг үг хэлэх хооронд ээж нь орж ирээд бидний яриа өндөрлөсөн юм. Мэдээж ээж нь худалдаж аваад охиноороо өгүүлэх гэж байгаа байх л даа.
Жасмааг бэлгээ үзэн сатаарч байх хооронд би охидын бэлтгэсэн бэлгийг бас ээжүүдийнх нь бэл бэнчинг харьцуулан бодож “тэр нэгэн өнгө мөнгө хөөсөн аав өнөөдөр энэ муу жаахан охиныг гуйж байхад нь аавдаа зориулж зурж, санаж бэтгэрсэн сэтгэлээрээ аравнайлсан зургийг нь ирээд авчихсан бол ямар их ухаарал авах байсан болоо. Жасмаагийн бэлэг дэлгүүрээс худалдаж авсан ямар ч үнэтэй бэлэгнээс хавьгүй их үнэ цэнэтэйг мэдэж авах байсан юм” гэж бодож суулаа. Гэнэт Жасмаа “Эгч ээ! миний энэ бэлэг ямар их үнэтэй гэж санана. Ээжийн аравнайлуулж авчирсан бурханаас илүү үнэтэй. Аавын төрсөн өдөр таван сарын өмнө болсон. Би түүнээс л хойш үнсээд л аравнайлаад байсан. Харин ээжийн авчирсан бурханг лам нэг л өдөр аравнайлсан гэсэн. Гэхдээ л маш үнэтэй байсан” гээд зургаа надад ахин үзүүлэхэд үнэхээр их аравнайлах гэж хичээсэн нь халтартаж ноорсон байдлаас нь илт байлаа. Би бас жаахан охиныг өрөвдөн нулимсаа нуун зургийг нь нүүрэндээ наахад чимээгүйхэн татаж аваад “ Та үнсэж аравнайлаад байгаа юм уу? Болохгүй. Тэр чинь миний аав” гэлээ.