“ААВАА ТЭНД ХҮЙТЭН БАЙНА УУ, ЖАРГАЖ ЧАДСАН УУ ТА МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“ААВАА ТЭНД ХҮЙТЭН БАЙНА УУ, ЖАРГАЖ ЧАДСАН УУ ТА МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Ааваа тэнд хүйтэн байна уу? Жаргаж чадсан уу та минь. Та миний аав болсондоо аз жаргалтай байсан уу? Аавыгаа алдаад хэд хонож байгаагаа тоолмооргүй байна. Учир нь аав гэж дахин дуудахгүй гэдгээ мэдсэн тэр аймшигтай өдрийг санамааргүй байна. Хоёр хүүхдийн ээж болоод 9 жил болоход аав дээрээ гүйгээд очсон өдрийн тоо минь ичмээр жаахан. Оюутан болоод их сургуулийн босго алхан хамгийн өндөр оноо аваад ирэхэд миний муу аав хөлс болсон цамцаа угааж индүүдээд, хааяахан гаргаж өмсдөг хромон гутлаа гялтайтал нь тослож зүлгээд намайг хөтлөөд хотод дагуулан ирж байжээ. Дөнгөж тэтгэвэртээ орсон аав минь тэтгэврийн зээлээ аваад гялгар уутанд мөнгөө баадагнаад энгэрийн халаасандаа хийж ирсэн байсан. Охиноо тогос шиг л гоёж аваад сургалтын төлбөрийг минь төлөөд өөрөө унааны зардалтай л буцсан даа миний буурал аав. Охин нь сургуульдаа нэр хүндтэй сурч эзэмшсэн мэргэжилээ нэр төртэй хааж ажил амьдралтай залгасан. Энэ бүхэн таны минь хүч таны минь хөлс юм шүү дээ ааваа.

Ээж болох гэж байхдаа нөхрөө дагуулаад нутагтаа очсон. Аав минь нулимсаа нууж ядан охиноо өгч явуулах гэж итгэлгүй доголон нулимстай торойгоод үдэж өгсөн. Хүүхэд байхад минь өглөө бүр духан дээр үнсэж сэрээхэд ширүүн сахал нь хатгаж гижигдээд би нойроо харамлан уцаарлан сэрдэг байж билээ. Тиймээ аав аа. Ээжгүй өсч байгаа дүү бид хоёрыг та минь ээж гэж дуудах шаардлагагүй ганцаараа өсгөсөн. Одоо бодоход та минь яаж амжуулж яаж хаанаас аа гардаг тэр их тэвчээрээр энэ амьдралыг туулсан юм дээ. Хааяахан лонх даpc уучихаад нуруугаа үүрээд гэрлүүгээ бүдчин ирж байхыг тань хараад уур хүрэн ороод ирэхэд тань яг л том хүн шиг эрүүний шөл уулгадаг байж билээ. Дотроо хичнээн их нууц агуулж хичнээн ганцаардаж ядарч байсан болдоо тэр үед та минь. Миний ааваа. Тэмцээн уралдаан, олимпиад бүх л сайхан өдрийн минь ард та л байдаг байсан. Таныхаа хийж өгсөн амтгүй ч гэсэн гурилтай шөл эрч хүч өгөх амин дэм л байж дээ. Үргэлж хөлсөө арчин охиноо хошуу дэвсэн магтаж нэг ч удаа ширүүн үг цухуйлгаж байгаагүй миний бөгтөр аав. Бяцхан үрийг минь төрөх өдөр шөнөжин замд явж ирээд шууд л төрөх эмнэлгийн гадаа үүр цайтал суух сандалчгүй байхад ядрахаа мэдэхгүй тонголзон хүлээж зогссон миний аав.

Анхны зээгээ харчихаад сая санаа нь амарч хөлсөө арччихаад тамхиа татахаар шатаар уруудаж байгааг тань хараад анх удаа эвий дээ миний муу аав ямар их өтлөөвдээ гэж мэдэж билээ. Тэгш сайхан нуруу нь бөгтийж, жирийсэн цагаан шүд тань хиймэл шүдээр солигдож, хөл тань майжийж хүзүүнд тань үрчлээ суусан байгааг охин чинь хараад хичнээн их өрөвдсөн гээч. Миний ааваа. Ажил амьдралаа гэр бүлээ гэсээр нутагтаа тан дээрээ жилд ямар цөөхөн очдог байсан юм бэ? Би цалингаа буух бүрт ааваа эм тариагаа сайн аваарай, амттай чихэр хүлхээрэй, хэрэглээрэй гээд мөнгө явуулхаа мартдаггүй ч гэлээ аав минь тэнд хэр их ганцаардаж байгаа бол гэж тийм ч олон бодоогүй байж ээ ааваа. Тэнэг охиноо уучлаарай. Гарнаас тань атгаад гүйдэг байсан охин өөрөө ээж болоод тэр цагаас хойш таныгаа хөтлөсөнгүй дээ. Очиж үнсүүлээд хэдхэн хоноод буцахдаа эвэршиж тахийсан гарыг тань илбээд буцахгүй яав даа. Тэнгэр шиг аавыгаа нурсаныг, тэнгэрт байгаа ээжрүү минь ниссэнийг мэдээд улаан галзуу очихдоо хичнэээ хол зам ямар удаан өнгөрснийг мэдэхгүй байна.

Авдарны тань түлхүүр газар унасан байсан. Нээгээд үзэхэд нүднээс нулимс унаж бүрэлзээд би зүгээр л дахиж хэзээ ч олдохгүй эрдэнээ алдсан аа сая ойлгосон. Авдран дотор тань таны гэх юм хэдэн одон медаль, хэзээ ч хайрлаад өмсөөгүй миний оюулж өгсөн дээлнүүд… Үлдсэн бүх зүйл дүү бид хоёрын зураг, хүүхэд байх үеиийн зургийн альбом, миний баярын бичигнүүд 10-р ангийн минь форм парчиг жимбийтэл эвхээстэй байсан даа. Охиндоо гэж бичиж хадгалсан хайрцагтай чихэр, хэдэн пичиен, дээлийн торго, хэнээс хэзээ олж авсан юм бүү мэд цагаан сарын оймснууд. Өөрөө идэж байхгүй юунд аав минь надад хадгалнам дээ. Эвий минь та минь өөрөөсөө ч харамлан үрдээ дарсан байсан. Аавынхаа бүх эд зүйлийг цуглуулахад нэг чемодан ч хүрэхгүй хувцастай байсан. Тэр нь бүгд дүү бид хоёрын авч явуулсан тэгээд бүгд шинээрээ. Нэг л муу хувцастайгаа хорвоог дэндүү удаан ганцаараа явж туулсаар дуусгаж дээ миний азгүй аав. Айлын бэр болсоноосоо хойш хөөрхий муу аавдаа шинийн нэгэнд биш шинийн 2-нд л ирдэг болсон доо.

Нэг удаа ч болов шинийн нэгний өглөө өөрөөс нь түрүүлж босоод аяга дүүрэн сүүтэй цай аягалж өгсөн бол та минь хичнээн дүүрэн байх байсан бол. Сэтгэл зүрхэндээ. Авдран дотор тань таны гэх юм байсангүй ш дээ аавааа. Хоёр охиндоо хадгалсан хэдэн чихэр жимс л байлаа. Хадгалуулж биш шинэхэн дээр нь ойр ойрхон ирж идээд явах минь яалаа даа. Гар утасаа сайн мэдэхгүй болохоор охиныхоо дугаарыг жижигхэн үрчгэр тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж хадгалсан байсан. “Миний бяцхан охин” гэж хадгалсан байсныг тань уншаад охин чинь уйлсаар сууна. Тандаа л бяцхан шүү дээ. Хоёр хүүхдийн ээж болсон ч аавдаа л нялх үр нь. Үсний лентээ цэцэглэж чадахгүй хамтдаа хөглөн суудаг байсан таны тэр л бяцхан охин даан ч амжсангүй дээ. Тантайгаа уулзаад дээш явуулж амжсангүй. Тэнэг охиноо уучлаарай аав минь. Тэнгис далай үзүүлж чадсангүй алдлаа таныгаа… Сахиусан тэнгэрүүд минь яг одоо өдрөөс өдөрт хөгширч та нарыг л харуулдан улам л хүүхэд шиг болж байгаа ээж аавруугаа залгаарай. Ойрхон бол гүйгээд очоорой. Ганцхан үнсүүлээд буцаад бүү гүйгээрэй. Гарыг нь атгаад галаа манаж төрсөн гэртээ нэг хоноорой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!